Thursday, January 12, 2012

Мэдрэл

Би таны мэдрэлийн систем байна




Мэдрэлийн систем гэхэд нейрон гэдэг эсүүдээс бүрдсэн бөөгнөрөл толгойд буудаг. Гэвч энэ нь энгийн нэгэн эсийн бөөгнөрөл биш хамгийн цогц зүйл юм. Мэдрэлийн хамгийн чухал хэсгүүд бие биетэйгээ маш ойрхон гавлын ясан дотор оршдог. Систем нь бүх эд, эрхтэн рүү салбарлан тархсан байдаг. Ямар нэг юмны үндсэн хэсэг нь хамгийн чухал байдаг шиг таны биеийн хамгийн чухал хэсэг нь гавлын ясан дотор байрлах их, бага тархинууд нь /бага тархи, уртавтар тархи, таламус, гипоталамус/ хамгийн чухал хэсэг юм. Хоёрдугаарт ордог нугас ч гэсэн төв мэдрэлд ордог. Харин энэ нь гавлын ясан дотор биш, сээр нурууны зэрэгцсэн ясны суваг дотор байрлана. Тиймээс нуруу нугасны гэмтэл нь мэдрэлийн системтэй ойр учир маш ноцтой бөгөөд амь насанд халтай юм. Харин бусад эрхтнүүдийн мэдрэлд гэмтэл учрахад тэр эрхтэн саажин хөдөлгөөнгүй болох юмуу, амь насанд халтай биш байдаг.
За одоо би танд итгэмээргүй хэдэн тоо хэлье. Хэрэв та санаж байгаа бол зүрх судас танд өөрийгөө танилцуулахдаа нэлээд онгирох янзтай байсан. Учир нь тэд судасныхаа уртыг 120.000 км (дэлхийг 3 тойрсонтой тэнцүү хэмжээ) гэж байсан. Тэгвэл миний урт 768.000 км бөгөөд энэ нь саранд очоод буцаад ирсэнтэй тэнцэх хэмжээ юм. Энэ хэмжээний 400.000 км нь захын мэдрэлийн системийнх бол 368.000 км нь зөвхөн төв мэдрэлийн системийн мэдрэлийн урт юм. Мөн миний нэг эсээр 200.000 гаруй мэдээлэл дамжин өнгөрдөг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл таны биеийн сая сая эсүүдээр мянга мянган мэдээлэл төвөөс салбар, салбараас төв мэдрэлийн системд дамжин өнгөрч байдаг гэсэн үг юм.  Баруун зүүн хоёр тархины хооронд секундэд 4 тэрбум орчим дохио явдаг.
Таныг дөнгөж хэдхэн долоо хоногтай ураг байхад тархи миний 92% ус байсан. Эхээс мэндлэх үед энэ хэмжээ 90% болдог. Бүрэн хөгжиж гүйцэхэд тань энэ хэмжээ 77% болтлоо буурдаг. Та төсөөлөөд үз дээ! 77% нь ус бөгөөд үлдсэн хэсэг нь янз бүрийн элементүүдээс бүрдсэн хэсэг юм. Эзэн минь та  миний ачаар л соёл иргэншлийг байгуулж, шинэ зүйл зохион бүтээж, олон олон нээлт хийсэн шүү дээ. Та бараг анзаардаггүй ч алхаж, гишгэж, унтаж байхыг тань хүртэл би тохируулж зохицуулдаг. Энэ мөрүүдийг уншиж байхдаа хүртэл та миний л удирдлаган доор уншиж байна. Учир нь харааны мэдрэхүй үсгүүдийг хараад надад дүрсийг илгээхэд би түүнийг ямар үсэг болох мөн түүнчлэн ямар үг болохыг танд ойлгуулдаг. Би байхгүй зөвхөн нүд байвал та юу ч харахгүй гэсэн үг.Бодох болон өөрөө мэдэрч удирдаж хийдэг бүх үйл хөдлөлүүдийн төв болсон их тархи нь бүх тархины 85%- г эзэлдэг. Анх таныг төрөхөд би ердөө л 400 гр байлаа. Нэг нас хүрэхэд тань 800 гр болтлоо өссөн. Дөрвөн нас хүрэхэд тань 1.200 гр байлаа. Харин долоон наснаас тань хойш өсөлт маань удааширч 20 хүрэхэд тань 1379-1434 гр орчим болдог.
Эмэгтэйчүүдэд би эрчүүдийхтэй харьцуулахад арай эрт хэмжээндээ (1230-1306 орчим) хүрдэг. Ингээд залуу наснаас эхлээд жил бүр 1 гр орчим багасаж эхэлдэг бөгөөд 75 нас хүрэхэд тань миний хэмжээ 20 насны байдлаас тань багассан байдаг. Миний ингэж багасдагийн учир нь гэвэл 20 наснаас хойш өдөр болгон 50 мянга орчим эс маань үхэж дахин сэргэдэггүйтэй холбоотой. Мэдрэлийн эсүүдийн дахин төлжилт зогссон ч тархины жин нэмэгддэгийн учир нь гэвэл эсүүдийн хоорондын холбоо нэмэгддэгт байгаа юм. Та хөгшрөх тусам энэ холбоосууд ч багасаж эхэлдэг. Залуу байхдаа үзсэн, харсан, уншсан, туршлага бүхэн тань энэ холбоосуудын тоог нэмнэ. Ингэснээр ухаан минь тэлж, юмыг илүү гүн, нухацтай боддог болдог. Гэхдээ хөгшрөхдөө ч сэтгэх, сурах, үйлээ үргэлжлүүлж бодож олох, олон нийтэч байдлаа багасгахгүй байвал холбоосууд нэмэгдсээр байна.
Мэдрэлийн эсүүд чинь хасагдсан ч холбоосууд нь идэвхтэй байснаар энгийнээр сэтгэн бодох чадвар сайн байсаар байна. Харин хэзээ та за одоо болъё, одоо илүү дутуу юманд оролцохгүй, тархиа амраая гэж шийдэн өөрийгөө татахад эсүүдийн холбоосууд татагдан сэтгэхүйн цар хүрээ тань багасахыг та өөрөө ч мэдрэх болно. Төв мэдрэлийн системийн эсүүд гэмтсэн тохиолдолд буцаж сэргэдэггүй. Харин захын мэдрэлийн эсүүдийн их бие биш холбоос сэртэнгүүд гэмтэхэд дахин сэргэж болдог. Энэ онцлогийн ачаар тасарч унасан хуруу, гар, хөл зэрэг эрхтнүүдийг микро мэс заслаар оёж эмчилснээр мэдрэл өөрөө нөхөн эдгэрч болдог. Харин энд нэг онцлогийг дурдах хэрэгтэй.  
Баруун, зүүн хоёр их тархины олон үрчлээстэй холтослог (cortex) нь хэсэгт үйл хөдлөлүүдийн төвүүд байдаг. Жишээ нь толгойны чинь ар дагзанд харааны төв (occipital), хоёр хажууд сонсголын төв, зүүн талын сонсголын төвийн яг урд нь ярианы төв (ихэнхдээ зүүн талд байдаг), духны (frontal lob) голын ховилын өмнөд хэсэгт ааш араншин, хөдөлгөөн зохицуулагч эхний төв, чанх дээд талын эхний хэсэгт нарийн чадварын төв, ар талд нь энгийн хөдөлгөөний төв, түүний ард доор байгаа сонсголын төвийн дээрээс дээшээ сунан тогтсон хэсэг нь хүрэлцэх мэдрэхүй оршдог. Гэвч энэ төвүүд нь бие биеэсээ тодорхой заагтай биш бөгөөд хэсэг газраа төвлөрч тархсан маягаар байдаг. Эдгээр төвүүдийн хажуугаар байгаа холбогч төвүүд нь дээрх мэдрэхүйгээр ирж байгаа мэдээллүүдийг харах юмуу утга учиртай болгодог юм. Ирж буй мэдээлэл нь өмнөх туршлага юмуу дурсамжийг сэргээхэд мэдээлэл болон танд ирж буй үйл явдлыг та танина.
 Нарийн нийлмэл хөдөлгөөнийг хийхийн өмнө эхлээд хөдөлгөөний төлөвлөгөөгөө тодорхойлоод дараа нь энэ төлөвлөгөө холбогч мэдрэлийн ширхэгээр дамжин хөдөлгөөний төвд очно гэсэн үг. Ярих үйл гэхэд л хүн ямар гайхамшигтай болохын нэгэн жишээ юм. Учир нь ярих нь маш их мэдрэхүйн үр дүнд хийдэг үйл юм. Гавлаас гарч нурууны ясан дотуур урт утас мэт байрладаг нугас нь (medulla spinalis), хүзүүнээс доошхи биеийн мэдрэлийг дамжуулдаг төв юм.
Тархины хамгийн гадуур бор давхраа, түүний доор цагаан бодис байдаг байхад нугасанд бор бодис нь эрвээхий хэлбэртэйгээр дотор талд нь, харин цагаан бодис түүнийг бүрхсэн байдлаар гадна талд нь байдаг. Энэ төвд арьс, булчин болон эргэн тойрны бүх мэдрэхүйн мэдрэлийн эсүүд, хөдөлгөөний мэдрэлүүд холбогч эсүүдээр дамжин нугасанд рефлексийг үүсгэнэ. Холбогч эсүүдийн зарим нь рефлексд хариу өгч байхад зарим нь шууд тархинд дамжуулснаар та өөрөө шийдвэрлэж хөдөлгөөнөө зохицуулна. Жишээ нь та хадаасан дээр гишгэхэд энэ дохио шууд мэдрэлийн сэртэнгүүдээр дамжин нугасанд хүрэх бөгөөд нугас тархинд дамжуулж цаг алдахгүйн тулд шууд өөрөө булчинд команд өгснөөр та хөлөө өргөнө. Та ингэж хөлөө рефлексээр яаравчлан өргөсний дараа та тархинаас ирсэн зааврын дагуу хөлөө хөндөхгүйн тулд аяар гишгэж, цус гарсан бол боох гэх мэтийн өөрөө өөрийгөө удирдах хөдөлгөөн хийнэ. Нугаснаас 31 хос (баруун-зүүн) мэдрэл гардаг. Гавлын ясан доторх тархины хэсгээс 12 хос мэдрэл гардаг. Эд цөм төв мэдрэлийн системээс гарч эрхтнүүдэд тархдаг захын мэдрэл юм. Тархинаас гардаг 10 дахь мэдрэл болох тэнэгч мэдрэлээс бусад толгойн бүх мэдрэл болон толгой хүзүүний мэдрэхүй ба хөдөлгөөнийг хянадаг. Нугаснаас гардаг 31 хос мэдрэл нь сээр нурууны ясны хажуугийн нүхээс гардаг. Эдгээр мэдрэл болгон тус бүрдээ мэдрэх мэдрэл хүлээн авагч /рецептор/ хөдөлгөөний мэдрэл түгээгчтэй байдаг. Дээрх хоёр мэдрэл нь нугасны гадна талд нийлэн, нэг утаслаг (дотроо хоёр өөр өнгийн утастай кабель шиг) маягаар бүх эрхтэнд тардаг. Таны гарыг зүү хатгалаа гэхэд мэдрэх эс нь хүлээн авагч мэдрэлээр дамжуулан мэдээллийг нугасанд илгээхэд, нугас шууд рефлексээр түгээгч мэдрэлээр дамжуулан гараа татаж авах хариу үйлдэл гарт явуулна. Ингээд та хатгуулсан гараа татаж авна. Захын мэдрэлийн системийн хөдөлгөөний эсүүд нь араг ясыг даган байрласан буюу механик (somatik), дотоод эрхтэнд байрласан буюу автомат (otonom) гэж бий. Биеийн мэдрэлийн системийн үйлийг хүн бодож, удирдаж, гүйцэтгэдэг байхад, автомат системийн үйл нь хүний өөрийн удирдлага хүслийн дагуу бус юм.
Автомат систем нь зүрх, булчирхай, судас, амьсгал, боловсруулах үйл явц, ялгадас гадагшлуулах, үржлийн булчингийн хөдөлгөөнүүд зэргийг таныг хүссэн хүсээгүй хянаж байдаг. Энэ бүхний бүгдийх нь хяналтыг танд өөрт чинь даалгаж өгсөн бол бүр толгой чинь эргэж будилж гүйцэх байсан байх даа. Та нэг халбага хоол амандаа хийх эсэхийг удирдаж чадна. Харин түүнийг боловсруулах, даавар ялгаруулах, гадагшлуулах бүх үйл нь автоматаар хийгддэг. Автомат мэдрэлийн утаслагуудыг симпатик, парасимпатик гэж хоёр хуваадаг. Энэ хоёр нь хоорондоо харилцан мэдээлдэг бөгөөд тус бүрээс нь бүх эрхтэнд мэдрэл, мэдээлэл салбарлан очдог. Энэ хоёрын нэг нь эрхтнийг илүү их үр дүнтэй шалмаг ажиллахыг өдөөж байхад нөгөө нь удаан ажиллахад өдөөж байдаг байна. Энэ хоёрын хооронд эрхтэн байгаа байдалдаа зохицон ажилладаг. Симпатик систем нь ерөнхийдөө стресс, шоконд хариу үйл үйлдэл үзүүлдэг.
Цусны даралт, цусны чихрийн хэмжээ, их хөлрөх, хүүхэн хараа томрох, багасах, цусны урсгал хурдсах үйлүүд бүгд семпатик утаслагын нөлөөгөөр тохирдог. Парасимпатик систем нь дотор эрхтнүүдийг хэвийн үйл ажиллагаагаа явуулахад нь тусалж буцааж цусны даралтыг нь буулгах гэх мэтийн эсрэг үйл хийх дохио өгдөг. Энэ хүртэл зарим хэсгээсээ болон мэдрэхүйнүүдийн тухай ярилаа.Харин тулгын чулуу болсон мэдрэлийн эсүүд, түүний хэрхэн ажилладгийг ярьсангүй. 30 сая орчим байдаг нейрон эс бол мэдрэлийн системийн салбар болгонд байдаг үндсэн эс юм. Энэ эс нь их бие, түүнээс модны мөчир мэт салаалсан олон сэртэнгүүдээс бүрддэг. Их биеийг нь аксон, урт сэртэнгүүдийг дентрит гэнэ. Цахилгаан урсгал шиг тархдаг мэдрэлийн дохиоллууд нь аксоноос дентрид руу тарна. Ой санамж гэдэг өдөрт хэдэн зуун мэдээлэл цуглуулж байдаг, хэрэгтэй үед буцааж танд сануулдаг гайхамшигтай мэдээллийн санг хэрхэн ажилладгийн нууцыг бүрэн тайлаагүй байна. Гэвч энэ нууцын цаана намайг бий болгодог хэдэн тэрбум нейрон эс байдаг гэдэг нь ойлгомжтой. Ой санамжийн төв гэж тодорхой хэсэг зааглах боломжгүй бөгөөд магадгүй ой санамж бүх хэсгийг хамарсан байж болох юм. Миний ой санамжийн цар хүрээг та төсөөлж ч чадахгүй тийм том шүү. Урт, богино хугацааны хоёр ой санамж байдаг. Богино хугацаатай санамжинд нэг зэрэг хамгийн их 9 зүйлийг санаж чадна. Ихэнх хүн нэг дор долоогоос илүү зүйл тогтоож чаддаггүй. Богино санамжинд нэг зүйл хэдхэн хором л байна. Түүнийг та олон жилийн дараа санаж байвал тэр мэдээлэл богиноос урт санамжинд шилжсэн байжээ гэсэн үг. Сурсан зүйл тань хэдэн сар жилээр энд л хадгалагдана гэсэн үг. 8 нас хүрэхэд мэдлэг тань 1 сая нэвтэрхий толь дүүргэж чадах хэмжээнд хүрдэг. Харин энэ нь ой санамжийн багтаамжийн дэргэд юу ч биш юм. Урт хэмжээний санамж нь хэзээ ч дүүршгүй тийм их багтаамжтай юм.
Та 100 нас хүрсэн ч дахиад нэмээд шинэ мэдээллийн багтаамжийн нөөц байна гэсэн үг. Тиймээс хүүхдийг бага байхад нь их мэдээллээр дүүргээд хэрэггүй гэж бодох нь маш буруу юм. Харин ч аль болох багаас нь сургах хэрэгтэй. Ялангуяа гадаад хэлийг бүр бага наснаас нь сургах хэрэгтэй. Баг а байхдаа сурч мэдсэн зүйл нь ой тогтоолыг улам сайн болгодог. Дотоод ухамсарт таны сэтгэлийн гүнд байгаа зүйл бичигдэнэ. Таны жинхэнэ бодол, чанар, нүгэл, сэтгэлийн шарх гэх мэт. Гэвч хүнд мөн өөрөө өөртөө эзэн болох шантаршгүй чадвар байдаг бөгөөд хэрэв та энэ чанараараа өөрийгөө удирдвал өөртөө шинэ сайхан дотоод ухамсар нээж жинхэнэ араншингаа өөрчилж чадна. Хүний мөс, хүн чанар, шүтлэг нь зөвхөн хүнд л байдаг чанар юм. Таны дотоод ухамсартаа бичсэн сайн муу үйл нь автомат мэдрэлийн системээр таламус, гипоталамуст очин таны сэтгэлийн тэнцвэр алдагдсанаар өвдөнө. Эхэн үедээ ямар нэг эрхтний өвчлөл байхгүй ч сэтгэл мэдрэлийн өвчин тань даамжирч эрхтэн өвддөг. Мөн түүний эсрэгээр эерэг өөдрөг байдал нь таны өвчнийг эдгээж ч болно.

1 comment: