Роберт Шекли
Үнэгүй юм /Зөгнөлт өгүүллэг/
Хүний дуу гарав уу даа сая? Эсвэл хий юм сонссон юм болов уу? Жо Коллинз ингэж бодсон шигээ заваан шар өнгөтэй дээврийг нь аалзны тор мэт хэрсэн цуурхайнаас нь борооны ус гунигтай нь аргагүй удаанаар бөнжигнөн хуримтлагдсаар дуслахыг ширтэн толгойгоо ажиллуулахыг хичээн хэвтэж байлаа. Ядаж байхад усан шалханаг болтол норсон гуталтай хөлөө хөнжил дороосоо гаргах тэнхэл ч мань хүнд алга.
Яг тэр эгшинд л нөгөө зүйл болсон юм шиг байгаа юм. Юу вэ гэхээр нүднийх нь буланд гэнэт хачин гялалзсан төмөр шиг гадаргуйтай зүйл харагдах шиг болох нь тэр. Мань хүн өндийгөөд орон дээрээ суулаа. Харвал шалан дээр нь нэг тийм хачин төхөөрөмж байх юм. Уг нь ямар ч төхөөрөмж мөхөөрөмж байгаагүй шүү дээ.
Ингэж бодсон шигээ Коллинз алмайрчихсан нөгөө төхөөрөмжийг ширтэн сууж байх зуур нь “За, хөөрхий, ингээд баларлаа даа” гэх огт танихгүй дуу хаанаас ч юм бэ бүү мэд дуулдах нь тэр.
Гэхдээ мань хүнд хий юм сонсогдсон байж ч болохыг үгүйсгэх аргагүй. Харин хачирхалтай нь гэвэл нөгөө төхөөрөмж алга болчихолгүй, өмнө нь шалан дээр нь хэвтсээр.
Коллинз орноосоо гулган буусаар сөхрөн суулаа. Нөгөө төхөөрөмжтэй сайн танилцах гэж хичээж байгаа нь тэр. Төхөөрөмж нь хааш хаашаа метр орчим хэмжээтэй шөө дөрвөлжин хэлбэртэй юм. Зүгээр ч үгүй, дүнгэнсэн дуу гаргана. Сааралдуу бэржгэр гэхээс өөр ямар ч өөгүй гадаргуйнх нь нэг буланд час улаан өнгөөтэй товчлуур, төв хэсэгт нь хүрэл шошго наалттай. Нөгөө шошго дээр нь «А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч, серийн дугаар АА-1256432» гэчихсэн. Доор нь болохоор «Энэ төхөөрөмжийг зөвхөн А зэрэглээр ашиглахыг зөвшөөрнө» гэсэн бичигтэй.
Өөр юу ч үгүй.
Ядаж байхад Коллинзын бодлоор машин, төхөөрөмж болгонд байх ёстой унтраалга мунтраалга, араа мараа гэх мэтийн элдэв зүйлсийн нэг нь ч алга. Байгаагаас нэг муу хүрэл шошго, улаан товчлуур, хаанаас нь ч юм бэ бүү мэд гарах тасралтгүй дүнгэнсэн дуу.
-Чи чинь одоо хаанаас гараад ирэв ээ гэсээр Коллинз дуу орлоо.
А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч харин тасралтгүй дүнгэнэн дуу гаргахаас өөрөөр хариу өгсөнгүй. Колллинз өөрөө ч ямар нэг хариу сонсоно гэж хүлээгээгүй байсан болохоор үүнд нь гайхсангүй. Үүнийхээ дараа хариу хүлээгээгүй хүн маань орныхоо зах дээр суугаад «Хаягдал боловсруулагч»- ийг бодлогошрон ширтэж эхлэв. Энэ нэг хачин юмыг чинь одоо яадаг билээ гэсэн ганц бодол толгойд нь эргэлдэнэ.
Гэв гэнэт үүсээд гараад ирдэг төхөөрөмжүүдтэй ажиллах туршлага огт байхгүй гэдгээ сайн мэдэж байсан ч Коллинз зүрх гарган нөгөө улаан товчлуурт хуруугаа болгоомжтой нь аргагүй хүргэлээ. Дарчихвал яадаг бол? Шал цөмөрч алах юм биш байгаа? Эсвэл бүр харь гаригынхан таазнаас бөнжингнөөд ороод ирвэл ч баларлаа шүү?
Гэхдээ, үхсэн хойноо алдах юмтай хүн би л лав биш. Ингэж бодоод мань эр товчлуурыг дарлаа.
Юу ч болсонгүй.
Юу ч болоогүйд нь Коллинз нэлээд сэтгэлээр унаад авлаа. Тэгээд итгэл алдарсан өнгөөр:
-За алив ээ, юу ч хамаагүй хийчихээч дээ чи минь? гэж хэлэв.
Хаягдал боловсруулагч харин урьдын адил битүү дүнгэнэн дуугарахаас өөр хариу өгсөнгүй.
За яах вэ. Ямартаа ч төхөөрөмж л юм чинь хаа нэгтээ барьцаанд тавьчихаж болох биз. Аргаа барахад л Шударга Чарлид төмөр гэж тушаагаад доод тал нь нэг доллар олно. Ингэж бодоод Коллинз Хаягдал боловсруулагчийг өргөх гэлээ. Дийлддэггүй шүү. Хамаг хүчээ шавхаж байгаад ахиад хүчилсэнд нэг булан нь дөнгөж ямх төдий хөндийрлөө. Хаягдал боловсруулагчийг буцаан тавиад байдгаараа амьсгаадсаар орон дээрээ суув. Овоо эд үү үгүй юу.
Коллинз нь хаягдал боловсруулагчийг харангаа:
-Тав гурван бяртай залуусыг олж ирэхгүй бол чинь ч барахгүй нь дээ гэж хэллээ. Тэгтэл Хаягдал боловсруулагч гаргах дүнгэнэх чимээ чангарч, удалгүй чичигнэж эхлэх нь тэр.
Коллинз юу болохыг нь тэвчээртэй нь аргагүй хүлээсэн ч юу ч болсонгүй. Тэгтэл яагаад ч юм бэ бүү мэд хуруу нь бараг хар аяндаа сунаснааа нөгөө улаан товчлуурыг дарчихлаа.
Тэр даруйд ажлын хувцастай, булчинлаг хоёр залуу өмнө нь гараад ирэх нь тэр. Гэнэт бий болсон хоёр эр Хаягдал боловсруулагч руу цэгнэсэн харц чулуудав. Тэгснээ нэг нь:
-Бурханы авралаар гайгүй жижиг загвар нь юм байна. Томууд нь ч ёстой нэг лайтай шүү гэлээ.
Нөгөөх нь өлгөж аваад:
-Харин тийм хөө гэснээ- Тэгэхдээ л уурхай дээр гантиг малтаж байснаас дээр л дээ гэв.
Тэгснээ өөдөөс нь мэлэрсэн чигтээ гацсан Коллинз руу хоёул харлаа. Дараа нь хамгийн эхэнд дуу гарсан нь залуу нь:
-Яасан бэ хөгшөөн? Ингээд мэлрээд байх зав алга. Хаягдал боловсруулагчаа хааш нь хүргүүлэх юм бэ ?гэх нь тэр.
Хариуд нь Коллинз нь:
-Та нар чинь юу вэ? гэх сөөнгөтсөн хоолойгоор арай гэж хяхтнав.
-Ачигч нар байн аа. Яаж ч харсан эгч дүү Ванзаггитай адилгүй байгаа биз дээ.
-Тэр ч тийм л байна. Гэхдээ та хоёр хаанаас гараад ирэв ээ?
-Ачиж буулгаах «Поуха Минайл» компаний ажилчид байна гэж нэг нь хариуллаа. –Та өөрөө ачигч нар шаардсан болохоор л бид хоёр гараад ирлээ. За тэгээд энэ нэг юмаа хааш нь хүргүүлэх юм бэ?
-Та хоёр явж бай. Дараа ахиад дуудъя гэхээс өөр хариу Коллинзд орж ирсэнгүй.
Ачигч хоёр залуу мөрөө хавчаад алга болчихлоо. Алга болсон хоёрын зогсож байсан газрыг Коллинз нэг хэсэг дуугуй ширтэн суув. Дараа нь А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч руу харлаа. Хаягдал боловсруулагчийн дуу нь одоо бол буцаад хэвийн, нам болчихожээ.
Хаягдал боловсруулагч гэл үү? Мань хүн бол энэ төхөөрөмжинд илүү сонсголонтой нэр олоод өгчих байсан. Хамгийн наад зах нь Хүслийг биелүүлэгч гэчихэд болж байна шүү дээ.
Гэхдээ энэ бүхэнд Коллинзыг нэг их балмагдсан гэвэл худал болно. Ямар нэг ер бусын зүйл тохиолдоход зөвхөн хөлдүү, оюун ухааны сааталтай хүмүүс л хүлээж авч чаддаггүй юм. Харин Коллинз бол тийм хүмүүсийн нэг яав ч биш байлаа. Гайхамшгийг хүлээн авах зуун хуувийн бэлтгэлтэй гэсэн ч болно.
Бараг л бүх амьдралынхаа туршид ямар нэгэн ер бусын зүйл тохиолдоосой гэж залбирч, мөргөж, мөрөөдсөөр ирсэн болохоор өөр яах ч билээ. Жишээлэхэд, арван жилд сурч байхдаа ч нэг сайхан өглөө босоход нь бүх хичээлүүд нь өөрсдөө аяндаа сурагдчихаад, хичээл давтах, сурах лайтай шаардлага алга болчихсон байгаасай гэж үргэлж мөрөөддөг байсан юм. Цэрэгт байхдаа бэрд, эсвэл илбэчин хүүхэн ч юм уу тиймэрхүү нөхдүүд гарч ирээд, өмнөөс нь хамаг ажлыг нь амжуулдаг болоод, өөрөө жагсаалаар алхахын оронд үргэлж казармдаа жижүүр хийсэн шигээ бие амар сууж байх юмсан гэж мөрөөддөг байлаа.
Цэргээс халагдасныхаа дараа мань Коллинз нь өөрийгөө ажил хийхэд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй гэдэгтээ бүрэн итгэлгүй байсан болохоор нэг хэсэгтээ ажилгүй “гонзгойров». Ингээд салхины аясаар хамхуул шиг хийсч явах зуураа хамаг хөрөнгөө өвлөж үлдээгээд нас барчихдаг тэрбумтан гэнэт гараад ирдэггүй юм байхдаа гэж мөрөөдөж байлаа. Гэхдээ энэ мэтийн гайхамшиг үнэхээр болно гэж мань хүн үнэхээр итгэдэг, хүлээдэг байсан уу гэвэл мэдээж үгүй. Ямартаа ч нөгөө гайхамшиг нь үнэхээр тохиолдох үед мань хүн бэлтгэлтэй болчихсон байлаа.
Коллинз эмээсэн аясаар:
-Би жижиг дэвсгэртээр, хаана ч бүртгэгдээгүй серийн дугаартай мянган доллартай болмоор бай гэж хэлэв. Ингэж хэлснийхээ дараа төхөөрөмжний дүнгэнэх чимээ чангарах үед нь улаан товчлуурыг дарчихлаа. Тэр даруйд үнгэгдэж, хиртсэн тавт, аравтын дэвсгэртийн том овоо өмнө нь гараа ирэх нь тэр. Цоо шинэ, шаржигнасан дэвсгэртүүд биш ч гэлээ яах аргагүй мөнгө бол мөн байлаа.
Коллинз мөнгөнөөс атгаж авч байгаад дээш нь шидээд, дэвсгэртүүд агаарт гоё эргэлдсээр эргэн унахыг нь тухлан харж нэг үзлээ. Дараа нь эргэн орон дээрээ тухлан хэвтэж байгаад төлөвлөгөө боловсруулж эхлэв.
Ямар ч байсан эхлээд хөршүүд ядаргаатаад байхааргүй нам гүм газар очих хэрэгтэй. Нью-Йоркоос хол, мужийн хойд нутагт бол болж л байна. Юм нэгэнт ингэж эргэнэ гэдэг чинь ашиг орлогын татварын асуудал гэсэн тун ч ээдрээтэй асуудалтай тулгарч болзошгүй юм даа. Гэхдээ яах вэ, тэгэж байгаад учир нь олдоод ирэхээр төвийн мужууд руу нүүж болох юм. Эсвэл бүр…
Юу вэ? Өрөөнд нь сэжиг бүхий дуу сонстов.
Хананд нь нүх бий болж, тэндээс нь нэг хүн түчигнэж пижигнэсээр гарч ирж байх нь тэр. Коллинз огил харайн бослоо.
-Хөөе, юу болоод байн аа? Би чамаас юу ч гуйгагүй байгаа шүү гэж Коллинз нөгөө төхөөрөмж рүү ориллоо.
Ханан дахь нүх улам томорч эхлэв. Тэгсээр нэлээд уурласан байртай улаан царайтай махлаг эрэгтэй хүн чихсээр хананаас бараг талдаа хүртэл цухуйгаад гараад ирэв.
Энэ төхөөрөмж ч бусад бүх төхөөрөмжүүдийн адил эзэнтэй байж таараа гэсэн бодол Коллинзын тархинд гэнэт харван орж ирэв. Хүслийг хэрэгжүүлэгч төхөөрөмж нь алга болчихвол эзэн нь уурлах нь мэдээж. Уурласан эзэн нь төхөөрөмжөө эргүүлэн авахын тулд юу ч хийхэд бэлэн байх нь ойлгомжтой.
Ийнгэж бодоод Коллинз:
-Намайг авраарай гэж орилоод Хаягдал боловсруулагчийн улаан товчлуур дээр дарж орхив.
Унтлагын хувцас өмссөн, намхан халзан нөхөр эвшээсээр гараад ирэв. Нойрмоглож байгаа нь илт.
Тэгээд нүдээ нухсан чигээрээ:
-Цаг хугацааны хана хамгаалах «Саниса Лиик» алба гэж мэдэгдэв.- Намайг Лиик гэдэг юм. Танд юугаар туслах вэ?
-Энэ хүнийг зайлуулаарай гэж Коллинз хоолойгоо шахан орилов.
-Энэ зуур нөгөө улаан царайтай нөхөр тэнхээ мэдэн савчсаар, хананаас бараг бүхлээрээ гараад ирчихсэн харагдлаа.
Лиик унтлагын хувцасныхаа хармаанаас гялалзсан дөрвөлжин төмөр гаргаад ирлээ. Гэтэл ууртай улаан царайтай хоолой мэдэн орилж эхэллээ:
-Чи хөөе, намайг сонс л доо. Чи буруу ойлгоод байна шүү дээ. Наад намхан хүн чинь байна аа…
Лиик дөрвөлжин төмрөө улаан царайт руу чиглүүлэв. Тэр даруйд улаан царайт эр нэг муухай орилж өгөөд алга болчихлоо. Хананд гараад байсан нүх ч алга болчихов.
-Та цаадахаа алчихсан уу? гэж Коллинз асуув.
Лиик нөгөө жижиг төмрөө халааслах зуураа:
-Мэдээж үгүй гэж хариулав. –Зүгээр л тэнхлэгийнх нь дагуу эргүүлчихсэн юм. Одоо бол үүгээр ахиж орж ирж чадахгүй.
-Орж ирэх өөр арга зам хайна гэж хэлэх гээд байна даа, тийм үү? гэж Коллинз асуулаа.
-Магадгүй л юм гэж Лиик хариулав. –Бичил трансформац, эсвэл бүр амь оруулалтыг ашиглахыг үгүй гэх газаргүй гэж үргэлжлүүлэн ярьснаа Коллинз руу ихэд сонжсон байртай анхааралтай ширтлээ.-Энэ хаягдал боловсруулагч таных уу?
-Мэдээж шүү дээ гэж хариулах зуур нь Коллинзын хүйтэн хөлс чийхарах нь тэр.
-Тэгвэл та А зэрэглэлээр үү?
-Өөр ямар зэрэглэл байх вэ дээ гэж Коллинз хариуллаа.- Үгүй байсан бол би төхөөрөмжөөр юугаа хийхэв дээ.
-Нээрээ тийм дээ гэж Лиик нойрмог дуугаар хэлж байна. –Та битгий уурлаарай. Би зүгээр л сайн санасандаа л лавласан юм гэж хэлээд Лиик толгойгоо залхсан байртай удаан сэгсрээд- Танай А зэрэглэлийнхэн ч ёстой нэг сайн тэнэх юм аа. Ийшээ яах гэж буцаж ирсэн юм бэ? Аягүй бол түүхэн роман ч юмуу нэг тийм юм бичиж байгаа байх. Тийм биз?
Хариуд нь Коллинз учир битүүлэг инээмсэглэл нүүрэнд тодрууллаа.
-За за, би явахгүй бол горигүй нь гэж Лиик хэлээд ам мэдэн эвшээлгэв. – Унтах ч завгүй ажиллаж байна даа. Чулууны газар ч илүү амар байж дээ.
Ингэж хэлээд Лиик эвшээлгэхээр амаа ангайлгасан чигтээ алга болж орхив.
Гадаа бороо орсон хэвээр, дээврээс ч дусаал дуссан хэвээр. Агааржуулалтын хоолойноос хэний ч юм бэ тухтай хурхирах дуу сонсогдоно. Коллинз өөрийнхөө төхөөрөмжтэй ганцаар үлджээ. Гэхдээ орь ганцаар биш шалаар нэг хөглөрсөн жижиг дэвсгэртээр авсан мянган доллар нь бас байлаа. Мань эр Хаягдал боловсруулагчаа сэтгэл хангалуун байдлаар зөөлөн цохиж үзлээ. Сая яриад байсан А зэрэглэлийнхэн ч гайгүй юм сэдсэн байна шүү. Хүслээ хэлээд л товчлуур дарчихад л гүйцээ. Жинхэнэ эзэн нь төхөөрөмжөө санах нь аргагүй л дээ.
Улаан царайтай эр өөр аргаар төхөөрөмжөө эргүүлж авах гэнэ гэж Лиик хэлсэн. Ямар арга хэрэглэх юм бол доо?
Аан лүд гэж, ер нь ямар ялгаа байна аа? Ингэж бодоод Коллинз исгэрсэн шигээ хөглөрсөн мөнгөө түүж эхэллээ. Энэ төхөөрөмж байсан цагт тийм ч амар буугаад өгчихгүй шүү.
Ингээд дараагийн хэдэн өдрийн дотор Коллинзын амьдралд эрс өөрчлөлтүүд гарлаа. «Поуха Минайл» компаний ачигч нарын тусламжтайгаар Хаягдал боловсруулагчаа хойд нутаг руу зөөгөөд авчруулчихав. Тэгээд тэндээ, Аднрондакийн уулсын дундаас хүн амьтангүй зэлүүд хэсэгт нь байрлах нэг их том биш уул худалдан авав. Ингээд эрхийнхээ бичгийг халааслан аваад их замаас нэлээд хэдэн бээрийн зайтай байх эдлэн газартаа хөл тавьлаа. Хоёр ачигч эр хар хөлсөө урсган Хаягдал боловсруулагчийг нь өргөн араас нь алхах зуураа, мод бутан дундуур гарах тоолондоо хэдхэн хараалын үгийг маань адил давтана.
-За за, наадахаа энд тавьчихаад арилж үз гэж Коллинз тушаав. Ер нь энэ хэдэн өдрийн дотор Коллинзын өөртөө итгэх итгэл нь огцом нэмэгдсэн нь энэ.
Ачигч нар ядарсан байртай санаа алдаад уусан алга болцгоов. Коллинз эргэн тойрноо ширтэв. Эргэн тойронд нь хараа хүрэх газар болгонд нь нарс, хусан ой. Агаар нь чийглэг анхилуун. Шувуудын хөгжилтэй шулагнах дуу хадна. Хаа нэг хэрэм мөчир дамжин дүүлж харагдана.
Байгаль аа гэж. Коллинз байгальд үргэлж хайртай явсан хүн. Усан сан, теннисны талбай, бас дэргэдээ жижигхэн нисэх буудал дагалдсан асар том бөгөөд уужуу байшин барихад хамгийн тохиромжтой газар мөнөөс мөн.
-Би байртай болмоор байна гэж Коллинз итгэл төгс өнгөөр чанга хэлээд улаан товчлуурыг дарав.
Хавчаар шилтэй, тун ч донжтой саарал өнгийн костюмтэй хүн гараад ирэв.
-Тэгэлгүй яах вэ, эрхэм ээ гэж хэлэх зуураа эцэс төгөсгөлгүй үргэлжлэх ойн модыг хялайн хараад авлаа. –Гэхдээ та яг юу хүсээд байгаагаа илүүтэй дэлгэрэнгүй тайлбарлавал сайн байна. Бунгало, ранчо, зуслангийн байшин, ордон, харш гэх мэт сонгомол шийдэлтэй зүйл хэрэгтэй юу? Эсвэл урц, өвсөн овоохой гэх мэт эгэл зүйл хүсч байна уу? Та А зэрэглэлийнх юм чинь хэсэгчилсэн нүүрэн талтай ч байшин ч юм уу, Эсэргүүцэл багатай орон зайны маягаар хийсэн оромж ч юмуу, эсвэл бүр Бичил агуу хэлбэртэй ордон гэх мэтийн супер орчин үеийн байгууламж захиалж болно шүү дээ.
-Юу юу гэнэ ээ гэж Коллинз дахин асуув. –Ёстой мэдэхгүй юм байна. Таныхаар бол юу ч зүгээр вэ?
Нөгөө хүн эгшин төдий ч эргэлзэлгүйгээр :
-Нэг их том биш зуслангийн хаус гэж шууд хэллээ. –Цаадуул чинь гол төлөв дандаа л ийм байшингаас эхэлдэг юм.
-Үгүй байлгүй дээ.
-Нээрээ. Тэгэж байгаад дараа нь илүү урин дулаан уур амьсгалтай нутаг руу шилжиж, тэндээ ордон бариулдаг юм.
Коллинз ахиад нэг юмны талаар асуух гэснээ больчихов. Ёстой л нэг санааны зоргоор юм болж байна даа. Хөөрхий амьтад мань хүнийг Хаягдал боловсруулагчийн жинхэнэ эзэн, А зэрэглэлд багтдаг хүн гэж бодоод байна. Сайн л биз. Бодлыг өөрчлөх шаардлага алга.
-За тэгвэл бүгдийг ном журмынх нь дагуу сайн хийнэ шүү гэж Коллинз хэлэв.
Нөгөө хүн:
-Тэгэлгүй яах вэ эрхэм ээ гэж хариуллаа.- Тэр бол миний үүрэг шүү дээ.
Ингээд Коллинз мөстэй ундаа ууж, эвхэдэг орон дээр тухласан шигээ «Максиме олф» барилгын конторынхон хэрхэн шаардлагатай эд материалаа үүсгэн байшин барьж байгааг харж хэвтсээр өдрийг дуусгалаа.
Хорин өрөөтэй уртаа гэгч нь лагс барилга баригдаад дууссан ч хүч чадлаа мэдэрсэн Коллинзын хувьд бол арай дэндүү даруухан юм бариулчихав уу гэж санагдана. Дегмагийн алдартай Мига гэгчийн төслөөр хамгийн чанартай эд материал ашиглан барьж, дотоод заслыг нь Тоуиж гүйцэтгэжээ. Гаднаа мулын усан сан, Виерины загварын дагуу хийсэн англи маягийн цэцэрлэгтэй гэж байгаа.
Үдэш болоход барилгын ажил дуусч, цөөн хүнтэй барилгын бригдынхан багаж зэмсгээ хурааж аваад ууршин алга боллоо.
Коллинз гуай хувийн тогоочдоо хөнгөхөн шиг оройн зоог хийх тушаал буулгачихаад навчин тамхи баагиулсаар томоо гэгч нь зочдынхоо өрөөнд сүүлийн хэдэн өдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар эргэцүүлэн сууж байв. Хаягдал боловсруулагч нь чихнээ сонсголонтой дүнгэнэсэн шигээ өмнө нь торойно.
Ингээд юуны өмнө Коллинз гуай болж өнгөрсөн зүйлсийг ид шид гэх мэтийн ер бусын зүйл гэсэн бодлыг шууд арчин хаялаа. Бурхан мурхан гэх мэт зүйлс энд ямар ч хамаагүй нь ойлгомжтой. Эгэл хүмүүсийн адил хараал, ерөөл урсгасан байдаг л нэг жирийн хүмүүс байрыг нь барьж өгсөн юм чинь. Тэгэхээр Хаягдал боловсруулагч нь тун ч их ухаан зарж хийсэн шинжлэх ухааны бүтээл гэсэн үг. Яаж ажилладагийг нь мань хүн мэдэхгүй, мэдэх шаардлага ч алга.
Хаягдал боловсруулагч нь харь гарагийн бүтээл юм болов уу? Арай л биш юм. Харь гарагийнхан мань хүнд үйлчлэх гээд англи хэл сураад явах нь юу л бол.
Тэгэхээр Хаягдал боловсруулагч нь ирээдүйгээс ирсэн болж таарлаа. Гол нь яаж ирсэн юм бол?
Коллинз навчин тамхиа баагиулсаар буйдан дээрээ налайлаа. Ер нь яаж ирсэн нь ямар хамаа байна гэж мань эр өөртөө хэлэв. Зүгээр л өнгөрсөн үе рүү унаад өгсөн байж яагаад болохгүй гэж. Тэртээ тэргүй өөрөө оргүй хоосноос юу ч хамаагүй бүтээж чаддаг эд шүү дээ.
Тэр ирээдүй ч ёстой нэг гайхамшигтай цаг үе байж таараа Коллинз бодно. Хүсэл биелүүлэгч төхөөрөмж бүтээчихсэн байна шүү дээ. Соёл иргэншил ч ёстой нэг туйлдаа хүртэл хөгжсөн байж таараа. Мөрөөдлөө хэлээд л гүйцээ. Май ав. Гайхамшигтай. Аягүй бол яваандаа улаан товчлуургүй төхөөрөмж гарч ирэх биз. Тэгвэл хуруугаа ч хөдөлгөлгүйгээр бүгдийг хийдэг болно доо.
Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй шүү. Төхөөрөмжний жинхэнэ эзэн, А зэрэглэлд багтдаг хүмүүс гэж бодитоор оршин байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэд нар төхөөрөмжийг нь булаах гэж оролдох нь гарцаагүй. Удам дамжсан дурсгалт зүйл нь байсан байж ч болох шүү дээ. Тэгвэл ч …
Мань эр нүднийхээ булангаар үл мэдэг хөдөлгөөнийг мэдрэв. Хаягдал боловсруулагч нь салхинд сэрчигнэх хуурай навч шиг дэржигнэн чичигнэж байх нь тэр.
Коллинз царайгаа бараалган, хөмсөө зангидсаар төхөөрөмжид ойртов. Хаягдал боловсруулагч нь үл мэдэг утаа мананд бүрхэгдчихэжээ. Хэт халаад байгаа юм шиг байна.
Хэт их ачаалал өгчихсөн юм биш байгаа? Хүйтэн ус асгаад үзвэл яах бол?
Тэгтэл Хаягдал боловсруулагчийнх нь овор хэмжээ нь илэрхий багасчихсан байгааг анзаарлаа. Хаягдал боловсруулагчийн хэмжээ нь 60 см орчим болоод багасчихсан төдийгүй үргэлжлүүлэн багасч байв.
Юу болоод байна? Жинхэнэ эзэн нь юм болов уу? Эсвэл нөгөө А зэрэглэлийнх нь хүмүүс юм болов уу? Нөгөө Лиикийн яриад байсан бичил трансформац гэгч нь болж байгаа юм байна л даа. Яг одоо яаралтай арга хэмжээ авахгүй л юм бол Хүсэл биелүүлэгч төхөөрөмж нь тун удахгүй үзэгдэхээ байгаад алга болно гэдгийг Коллинз ойлгов.
Коллинз:
–«Лиик» хамгаалалтын алба гэж орилоод товчлуурыг дарав. Төхөөрөмж нэлээд халчихаж.
Урт оймс, спортын цамц, цохиур барьчихсан Лиик өрөөний буланд гараа ирэв.
-Арай гэж нэг тоглох гэхээр л …
Коллинз Хаягдал боловсруулагч руу заагаад
-Нэг юм хийгээдэх гэж хашхирав. Төхөөрөмж багассаар 30 см орчим хэмжээтэй болж, улайсчихсан байв.
-Би бол яаж ч чадахгүй юм байна гэж Лиик хэлснээ, –Надад зөвхөн цаг хугацааны хана байгуулах зөвшөөрөл байдаг. Та бичил хяналт руу хандах хэрэгтэй гэчихээд цохиураараа дохичиод алга болоод өгөв.
-Бичил хяналт гэж Коллинз хоолой мэдэн орилоод улаан товчлуур руу гараа явууллаа. Гэвч тэр даруй гараа угз татав. Хаягдал боловсруулагчийн хэмжээ нь төө хэртэй болж багасчихаж. Өнгө нь хүрэн улаан болж, бүхлээрээ гэрэлтэж байв. Улаан товчлуур нь чүдэнзний толгойны дайтай болж багасаад, ялгаж харахад ч бэрх болчихсон байх нь тэр.
Тэр даруйд Коллинз эргээд дэр шүүрэн авснаа төхөөрөмж дээрээс дарж байгаад товчлуурыг олж дарлаа.
Тэмдэглэлийн дэвтэр, түүндээ шургуулсан харандаатай, эвэрлэг хүрээтэй нүдний шилтэй бүсгүй гараад ирэв. Бүсгүй юу ч болоогүй мэт тайван өнгөөр:
-Та яг хэнтэй уулзмаар байна гэж асуух нь тэр.
Хаягдал боловсруулагч нэртэй нандин эрдэнэ нь улам бүр багасч байгааг айдас тодорсон нүдээрээ ширтсэн Коллинз:
-Надад бушуухан туслаач ээ гэж хоолой мэдэн ориллоо.
Бүсгүй хариуд нь харандааныхаа бөгсийг хазангаа
-Ноён Вергон үүдийн хоолондоо орж байгаа болохоор байхгүй байгаа гэж бодлогошрон өгүүллээ. – Дуудлага авахгүй гээд зарлачихсан байдаг. Тэгэхээр цаадахыг чинь дуудаж чадахгүй нь дээ.
-Тэгвэл хэнийг дуудаж чадах юм бэ?
Бүсгүй тэмдэглэлийнхээ дэвтрийг шагайв.
-За байз, ноён Вис яг одоо Давхардсан өнгөрсөн үед яваа. Ноён Илгис болохоор Палеолитийн үеийн Европт цайз босгоод завгүй. Тэгэхээр та үнэхээр яарч байгаа бол Транзит хяналт руу хандсан нь дээр юм байна. Жижигхэн компани л даа. Гэхдээ яахав…
-За за арилж үз. Транзит хяналт гэж Коллинз хэлээд анхаарлаа Хаягдал боловсруулагч дээрээ төвлөрүүлж байгаад уугиад эхэлчихсэн дэрээрээ дарлаа. Хаягдал боловсруулагч нь 3-4 см хүрэхтэй үгүйтэй жижигхэн болчихоод байсан болохоор дэрний цаанаас бараг харагдахгүй шахуу болсон товчлуурыг олж дарж чадахгүй нь гэдгээ ойлгов.
Ер нь энэ хаягдал боловсруулагчтай ингэж зууралдах хэрэг байна уу гэсэн бодол мань эрийн толгойд гялсхийн орж ирлээ. Одоо болсон юм бишүү. Байшин, газраа зарвал хөөрхөн мөнгөтэй болчихно шүү дээ.
Үгүй ээ. Үнэхээр хэрэгтэй зүйлээ хүсч амжаагүй байгаа. Тэгэхээр тэр зүйлээ хүсэх боломжийг зүгээр нэг тавиад өгчихгүй шүү.
Хаягдал боловсруулагчийн гэрэл нь нүдийг нь гялбуулж байсан ч Коллинз нүдээ жартайлгахгүй байхыг хичээн мод шиг хөшсөн долоовор хуруугаараа цайвар болтлоо улайссан товчлуурыг дарж орхив.
Үрчийж өнгийсөн хувцастай туранхай өвгөн гараад ирэв. Элдэв янзаар чимэж будсан Улаан өндөгний баярын өндөгтэй төстэй зүйл барьчихаж. Өндөг шиг зүйл нь хоёр хуваагдан задрахад дотроос нь улбар шар өнгөтэй утаа дуу татуулан гараад ирсэнд нь Хаягдал боловсруулагч нь утааг тэр даруй сорон авлаа. Үүнийх нь дараа өтгөн утаа май дээш цацрахад Коллинз золтой л хахаах үхчихээгүй ч Хаягдл боловсруулагч нь эргээд хэвийн овор хэмжээтэй болж эхэллээ. Тун удалгүй Хаягдал боловсруулагч нь огт багасч байгаагүй аятай хэвийн хэмжээндээ хүрчихсэн байв.
Өвгөн толгой дохиод:
-Бид хуучны аргаар ажилладаг ч чанартай хийдэг юм шүү гэчихээд ахин нэг толгой дохичихоод алга болоод өгөв.
Тэр мөчид Коллинзод нэг хүний уурлан уулга алдах дууг сонсох шиг боллоо.
Ядарч туйлдсан Коллинз төхөөрөмжийнхөө өмнө сөхрөн суув. Түлэгдсэн хуруу нь хорсон таталдах аж.
Мань эр:
-Намайг эмчлээрэй хөө гэж хатсан уруулаа арайхийн эвлүүлж хэлээд эрүүл гараараа товчлуурыг дарав.
Хаягдал боловсруулагч нь бүр хүчтэй дүнгэнэж байснаа удалгүй бүр таг болчихлоо. Хуруу нь ч өвдөхөө байв. Коллинз хуруугаа харвал өчүүхэн жижиг сорви ч үлдэлгүй эдгэчихэж.
Коллинз шарзнаасаа сайн гэгч нь татаж аваад орон дээрээ унаад өгөв. Шөнө аймаар том А үсгэнд хөөгдөж байна гэж хар дарсан боловч сэрснийхээ дараа зүүдээ мартаж орхилоо.
Долоо хоногийн дараа ойд байшин барьсан нь тун ч бодлогогүй алхам байсныг Коллинз ойлголоо. Хийх юмаа олж ядсан тэнүүлчдээс болж бүхэл бүтэн салаа цэрэг хөлсөлж авахаас өөр аргагүй болсны дээр ойд нь ан хийх гэсэн анчид заавал англи маягийн цэцэрлэгт хүрээлэнд нь буух гээд үйлийг нь үзнэ.
Ядаж байхад нь Төрийн татварын албаныхан ашиг орлогыг нь илэрхий сонирхоод эхэллээ.
Гэхдээ хамгийн гол нь гэвэл Коллинз байгальд тийм ч их хайртай биш юм байна гэдгээ олж мэдсэн байлаа. Шувуу мувуу, хэрэм зэрмийг харсан шигээ суух сайхан ч гэлээ тэд нартай юм ярих боломжгүй. Моддыг ширтээд суух зүгээр ч гэлээ аяга тагш юм хуваагаад уучихаж болохгүй.
Ингээд сэтгэлийнхээ гүнд өөрийгөө жинхэнэ хотын хүн юм байна гэж Коллинз бодлоо. Тиймээс «Поуха минайл» компаний ачигч, «Максиме олф» компаний барилгачид, Агшин зуурын аяллын «Ягтон» нэртэй товчоо болон хэрэгтэй хүмүүст атгуулсан ахиухан мөнгөний тусламжтайгаар Коллинз нь Төв Америк орчмын жижигхэн улсын иргэн болчихлоо. Энэ улсынх нь цаг агаар нь илүү урин дулаан, ашиг орлогын татвар гээч зүйл огт үгүй тул мань эр морьны жүчээ, зарц, засварчид, харуул, хөгжимчид, балетийн бүжигчид, тогос гэх мэтийн элдэв зүйлээр өвч бүрэн тоноглогдсон баярхуу тансаг ордон бариулаад авав. Тэгээд шинэ байртайгаа бүрэн танилцах гэж бүхэл бүтэн хоёр долоо хоног зарцуулав.
Тэгээд нэг хэсэгтээ л санаа амар амьдарлаа.
Ингээд нэг өглөө спорт загварын машин, эсвэл сайн үүлдрийн азарга адуу хоёрын алийг нь хүсдэг юм билээ гэж бодсон шигээ Хайгдал боловсруулагч руугаа дөхлөө. Саарал өнгөтэй төхөөрөмж рүүгээ тонгойн улаан товчлуур руу нь гараа явуултал…
Явуултал нөгөөх нь гэнэт огил үсрэн бултах нь тэр.
Тэрхэн эгшинд мань Коллинз өөрийгөө хий юм хардаг болж байгаа юм байна гэж санаад өглөөний хоолны өмнө оргилуун дарс уудгаа болих тухай бодоод амжив. Тэгээд урагш нэг алхан улаан товчлуурыг дарахаар ахиад л гараа сарвайлаа. Гэтэл Хаягдал боловсруулагч нь хэзээ язааны аятай аятайхан бултаж зайлчихаад өрөөнөөс хар гүйхээрээ гарчихдаг байгаа.
Коллинз ч мөчөөгөө өгсөнгүй дотроо жинхэнэ эзнийг нь А зэрэглэлийнхэнтэй нь хамт хараан зүхсээр араас нь жирийлгэлээ. Нөгөө Лиикийн яриад байсан амь оруулах гээч нь болж таарлаа. Тэгэхээр жинхэн эзэн нь нэг арга хэрэглээд төхөөрөмжинд амь оруулчихаж. Ямар арга гэдгийг нь бодох сөхөө байсангүй. Төхөөрөмжөө аль болох хурдан гүйцэж очоод улаан товчлуурыг нь дарж Амь оруулалтыг хянах албаны залуусыг дуудах хэрэгтэй.
Ингээд Хаягдал боловсруулагч нь өрөөг нэвтлэн харайлгаж Коллинз араас нь таваргалаа. Өрөөнийх нь хаалгын цэвэр алтаар цутгасан бариулыг арчиж зогссон туслах бойдоо нь мань хоёрыг хараад амаа ангайлган гацчихлаа.
-Наадахаа зогсоогооч гэж Коллинз ориллоо.
Туслах бойдаа нь Хаягдал боловсруулагчийг замыг нь хаах гэж байгаа бололтой урагш нэг алхахчаан болов. Харин төхөөрөмж нь тун ч эвсэлтэйгээр бултан бойдоо тойрч гараад гол үүд рүү харайлгах нь тэр.
Энэ зуур Коллинз нь үүд хаагчийг амжиж дарвал үүд нь ч тасхийтэл хаагдлаа.
Хариин Хаягдал боловсруулагч нь зогосохын оронд улам ч хурд аваад хаалттай үүдийг нэвт цохиод гарах нь тэр. Гадаа гарсан даруйдаа усалгааны уян хоолойнд бүдэрсэн болов ч тэр даруй тэнцвэрээ олж аваад гадагш гарахаар хашаан дундуур харайлгалаа.
Коллинз ч араас нь тэнхээ мэдэн давхиж байлаа. Нэг ойртоод авдаг юм бол….
Тэгтэл Хаягдал цэвэрлэгч нь гэнэт дээшээ огил харайн үсрэв. Тэгснээ хэдэн секунд агаарт тогтож байгаад уначихав. Коллинз ч улаан товчлуур руу зүтгэв. Хаягдал боловсруулагч ээлжит удаагаа бултчихаад хурдаа авч байгаад ахин үсрэв. Агаарт 6 метр орчим өндөрт гараад хэсэг тогтоод авав. Дараа ахин чанх дээшээ бүр ч өндөрт гарснаа гэнэт зогтусаад галзуурсан мэт эргэлдэнгээ уначихав.
Энэ бүхнийг харсан Коллинзын дотор нь палхийлээ. Гурав дахь удаа үсэрвэл Хаягдал боловсруулагч нь эргэж ирэхээргүй өндөрт гараад алга болоод өгөх вий гэж айсан нь тэр. Тийм болохоор Хаягдал боловсруулагчийг газардахь үед Коллинз бүрэн бэлтгэлтэй хүлээж байлаа. Мань худлаа дохиж мэхлэнгүүтээс самбаачлан улаан товчлуурыг дарж чадлаа. Мэхэнд нь орсон Хаягдал боловсруулагч бултаж амжсангүй.
Тэгээд Коллинз:
-Амь оролтыг хянах алба? гэж бах нь ханасан байртай чанга дуугаар захиалгаа өглөө.
Юм тэсэрч байгаа мэт сулавтар чимээ гартал Хаягдал боловсруулагч нь дуулгавартай нь аргагүй хөшчихэв. Амь оролт нь сураггүй.
Коллинз духныхаа хөлсийг шударчихаад төхөөрөмжин дээрээ тухлан суулаа. Дайснууд ч улам л ойртоод байна даа. Боломж байгаа дээр нь бүр ч илүү сүртэй, гайхалтай зүйл захиалаад авах нь л хамгийн зөв.
Ингээд таван сая доллар, өвч тоноглогдсон нефтийн цооног гурвыг, кино студи нэгийг, хэзээ ч өвдөхгүй төгс эрүүл мэнд, бүжигчин хүүхэн хориын тавыг, үхэлгүй мөнхийн амьдрал, спорт загварын машин, сайн үүлдрийн азарга адуу зэргийг ар араас нь дагуулан нүд ирмэхийн зуур захиалаад авдаа.
Тэр агшинд хаа нэгтээ хүн жогтой инээх чимээ гарах шиг боллоо. Мань хүн эргэн тойрноо анхааралтай ажиглав. Хэн ч алга.
Тэгээд эргээд хартал Хаягдал боловсруулагч нь алга болчихсон байх нь тэр. Коллинз нүдээ байдгаар нь бүлтийлгэн хайлаа. Гэвч дараагийн агшинд өөрөө алга болж орхилоо.
Сэхээ ороод нүдээ нээтэл хэдийний танил болсон улаан царайтай эр нэг ширээний өмнө суучихсан, өөрөө өмнө нь зогсож байгааг олж харав. Гэхдээ нөгөө эрийн царайнд уурлаж, уцаарласан зүйл харагдсангүй. Харин ч нэг тийм тайвширсан, эсвэл бүр залхаад уйдсан гэмээр төрхтэй болчихож.
Жинхэнэ эзэн, А зэрэглэлийнхэн нь мань хүнийг эцсийн эцэст барьчихлаа даа. Сайхан зүйл нь ингээд нэг мөр дуусч байгаад Коллинз харамсан минут хэртэй дуугүй зогсов. Гэхдээ сайхан л байсан юм чинь яадаг юм.
-За тэгээд гэсээр Коллинз ам нээлээ. –Та нар төхөөрөмжөө буцаагаад авчихлаа. Одоо надаар яах гээд байгаа юм бэ?
Улаан царайт эр гайхсан байртай өөдөөс нь ширтэнгээ:
-Төхөөрөмжөө гэнэ ээ? Эрхэм ээ, энэ чинь миний төхөөрөмж биш шүү дээ гэж хэлэх нь тэр. –Огтхон ч биш.
Коллинз мэл гайхан өөдөөс нь ширтэв.
-Намайг мэхлэх гэсний хэрэггүй шүү, ноёнтон гуай. Та бол А зэрэглэлийнх, тийм ч болохоороо энэ төхөөрөмжөө дангаар эзэмших гээд байгаа биз дээ?
Үүний дараа улаан царайт эр үзэж суусан цаасаа хойш тавив. Тэгээд:
-Ноён Коллинз, намайг Флайн гэдэг юм. Би бол иргэдийг хамгаалах холбооны төлөөлөгч гэж хатуухан хэлэв.- Манайх бол ямар нэгэн арилжааны ашиг хонжоо хөөдөггүй байгууллага юм. Тантай адил хүмүүсийн амьдралынх нь замд тулгарч болзошгүй төөрөгдлөөс хамгаалах гэсэн цорын ганцхан зорилготой.
-Та янз нь өөрийгөө А зэрэглэлд багтдаггүй гэж хэлэх гээд байн аа даа, тийм үү?
-Эрхэмээ та тун ч гүн төөрөгдөлд автсан байна гэж Флайн тайван бөгөөд ихэмсэг аясаар хариулав.-А зэрэглэл гэдэг чинь таны бодоод байгаа шиг нийгэм олон нийтийн зэрэг дэв огт биш юм. Энэ бол зүгээр л зээлийн нэг хэлбэр төдий зүйл юм.
-Юуны хэлбэрээ гэнэ ээ гэж Коллинз гайхан асуув.
-Зээлийн хэлбэр ээ гэчихээд Флайн цагаа харав.-Цаг бага байгаа болохоор би товчхон тайлбарлая. Бид болохоор анти төвлөрөлтийн эрин зуун амьдардаг хүмүүс юм. Манай үйлдвэрлэл, худалдаа, засаг захиргааны байгууллагууд нь хоороондоо орон зай болон цаг хугацааны нэлээд алслагдаж тусгаарлагдсан байдаг юм. Харин “Хаягдал боловсруулагч” гэдэг хувьцаат нийгэмлэг нь энэ бүхнийг хооронд нь холбох маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Өөрөөр хэлбэл энэ байгууллага нь соёл иргэншлийн бий болгосон бүтээгдэхүүнүүдийг нэг газраас нөгөө газар руу шилжүүлэн хөдөлгөх гэх мэтийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. Одоо ойлгомжтой юу?\
Коллинз толгой дохилоо.
-Төлбөрийн зээлийг мэдээж хэрэг шууд олгоно. Харин олгогдсон зээлийг эрт ороогүй заавал эргүүлэн төлж дуусгах ёстой.
Нэг л биш болоод явчихлаа. Заавал төлж дуусгах ёстой гэнэ үү? Ямар ч байсан мань хүний бодоод явсан шиг тийм ч өндөр иргэншсэн нийгэм биш бололтой дог шүү. Төлбөрийн талаар ганц удаа ган хийгээгүй шүү дээ. Юу болчихоод гэнэт одоо яриад унав аа?
Коллинз гайхаш алдарсан дуугаар:
-Тэгвэл яагаад хэн ч намайг зогс, боль гэж хэлээгүй юм бэ? гэлээ. –Цаад хүмүүс чинь намайг төлбөрийг чадваргүй гэдгийг мэдэж байх ёстой биз дээ?
Флайн толгой сэгсэрлээ.
-Төлбөрийн чадварыг хуулиар тогтоодоггүй юм. Иргэншсэн нийгэмд нь хүн болгонд өөрөө бие даан шийдвэр гаргах эрхийг нь өгчихсөн байдаг. Тэгэхээр төлбөрийн чадвар гэдэг зуун хувь тухайн хүний сайн дурын хэрэг. Эрхэм ээ, надад тун харамсалтай байна гэж хэлснээ Флайн цагаа ахин нэг хараад нөгөө үзээд байсан цаасаа сарвайлаа.-Та энэ тооцоотой танилцаад, үнэн зөв эсэхийг магдална уу.
Коллинз цаасыг анхааралтай уншлаа.
-Бүрэн тоноглолтой ордон – 450 000 000 төлбөрийн нэгж.
“Поуха минайл” болон “Максимо олф” компаний ажилчид, ачигчдын хөлс нийлээд – 111 000 төлбөрийн нэгж
122 бүжигчин хүүхнүүд – 122 000 000 төлбөрийн нэгж.
Хэзээ ч өвдөхгүй, өөгүй төгс эрүүл мэнд- 888 234 031 төлбрийн нэгж.
Гэсээр Коллинз бүгдийг нь гүйлгэн уншиж дуусав. Нийлбэр дүн нь 18 биллион төлбөрийн нэгжээс үл мэдэг давж гарч байх юм.
-Энэ чинь одоо юу болоод байна вэ? гэж Коллинз уулга алдлаа.-Надаас ийм их мөнгө нэхэх эрх та нарт байхгүй. Танай тэр Хаягдал боловсруулагч чинь хаанаас ч юм бэ бүү мэд өөрөө алдаа гаргаад унаад ирсэн шүү дээ.
-Би яг наад байдалд чинь таныг анхаарлыг хандуулмаар байна гэж Флайн хэлэв.- Юмыг яаж мэдэх вэ? Цаашдаа цаадуул чинь илүү болгоомжтой байх ч юм билүү. Ямар ч байсан хичээнэ. Үүнээс илүү дордоно гэж л лав байхгүй дэг.
Коллинз нүд нь манантан бүрэлзээд эхлэв. Флайны царай ч уусан болж эхэллээ.
-За, цаг дууслаа гэж Флайн хэлэв.-Танд амжилт хүсье.
Коллинз нүдээ анив.
Эргээд нүдээ нээхэд нь огцом өндөр хадан хясаа бүхий уулсаар битүү бүслэгдсэн уйдаж үхэм төрхтэй хөндий өмнө налайж байх нь тэр. Тэнгэрийн өнгө зэвхий саарал бөгөөд чөмөг царцаам салхи үлээх тоолондоо царайг нь хайр найргүй алгадана.
Хаанаас ч юм бүү мэд гараад ирсэн ноорхой хувцастай хүн дэргэд зогсож байх юм.
Нөгөө хүн нь:
-Май гэж хэлээд Коллинзд зээтүү өгч байх юм.
-Наадах чинь юу юм бэ?
-Зээтүү гэж нөгөө хүн тэвчээртэй нь аргагүй тайлбарлав.-Харин тэнд чулуу олборлох газар бий. Хоёулаа бусадтайгаа нийлж байгаад тэндээс гантиг чулуу олборлоно доо хөө.
-Гантиг ий?
-Өөр юу байх вэ. Гантигаар ордон барих гэсэн усан тэнэгүүд хаа сайгүй байдаг юм гэж нөгөө хүн мушилзан хэлэв.-Намайг Янг гэдэг. Нэг хэсэгтээ л хоёулаа хамт ажиллана даа.
Коллинз дүйнгэтсэн харцаар Янг руу ширтээд:
-Нэг хэсэгтээ гэж хэр удаан? гэв.
-Энд сардаа таваас арван төлбөрийн нэгжийн хөлс авна. Төлбөрөө бүрэн хийж дуусах хүртэл чинь түүнийг чинь суутгаад байна гэж мэд. Тэгээд өөрөө тооцоод үзэхгүй юу.
Коллинз өөрийн эрхгүй зээтүүгээ алдчихав.
Арай ч дээ. Ийм юм байж болохгүй шүү дээ. “Хаягдал боловсруулагч” хувьцаат нийгэмлэг алдаа гаргаж байгаагаа заавал ойлгох ёстой. Тэр төхөөрөмж нь Өнгөрсөн үе рүү унаад ирсэн нь өөрсдийнх нь буруу шүү дээ. Иймхэн юмыг мэдэхгүй байна гэж байхгүй.
-Энэ чинь бүгд эндүүрэл шүү дээ гэхээс өөр үг Коллинзд олдсонгүй.
-Ямар юмных нь эндүүрэл байх вэ дээ гэж Янг үг сөрөв.- Цаадуул чинь ажлын хүчний дутагдалд орчихсон байгаа. Тэгээд л хаа таарсан газраасаа хүн олзолдог болчихсон юм. За, гаръя даа, ажилдаа. Зүгээр дээ хөө, эхний мянган жилдээ л хэцүү байдаг юм. Тэгээд яваандаа дасчихдаг юм.
Коллинз өөрийн мэдэлгүй Янгын даган хоёр гурав алхалснаа зогтусав.
-Юу? Эхний мянган жил ээ? Би тийм удаан амьдрахгүй шүү дээ.
-Амьдрахаар барах уу гэж Янг эсэргүүцэх боломжгүй аясаар өгүүллээ. –Чи чинь үхэшгүй мөнхий амьдрал гуйж авснаа мартчихаа юу?
-Төхөөрөмжөө яг буцаан авч байхад нь хэлсэн болохоор тооцоогүй ч юм билүү? Эсвэл бүр буцаан авсан хойноо надаас асуулгүй өгчихсөн байж болно шүү дээ.
Гэнэт Коллинзын нэг зүйлийг зурвасхийн харах шиг боллоо. Нээрээ, Флайны үзүүлсэн тооцооноы хуудсан дээр үхэшгүй мөнхий амьдрал гэсэн төлбөр огт байгаагүй юм байна шүү дээ.
-Би сая саналаа. Надаас үхэшгүй мөнхийн амьдрал гэж төлбөр огт нэхээгүй юм байна шүү дээ.
Янг мань эрийг хараад инээд алдав.
-Хөгшин минь битгий гэнэн царай гаргаад бай. Наад бөндгөрөө ажиллуулаач гэж хэлээд Янг мань эрийг араас нь евров.- Наад юмыг чинь л үнэгүй өгдөг нь ойлгомжтой байгаа биз дээ.
Роберт Шекли
Ан агнуурын бэрхшээл (Зөгнөлт өгүүллэг)
Скаутуудын их наадмын өмнөх сүүлчийн цугларалт байсан болохоор бүх багууд хүрэлцэн иржээ. “Халигч шонхор” нэртэй 22-р баг сүүдэрт хөндийд байрлачихсан толгойн харуулын үүргийг гүйцэтгэж байлаа. “Зоригт бизонууд” нэртэй 31-р багийнхан жижигхэн голын эргээр эргүүл хийж байв. “Бизонууд” зүгээр ч нэг харуул хийсэнгүй шингэн уух чадвараа сайжруулах дасгал хийн уух үед төрөх хачин мэдрэмжийг амтлан баясалдан хөхрөлдөцгөөнө.
“Мирашийн ангуучид” нэртэй 19-р бага харин сурсан зангаараа хоцорч байгаа Дрог нэртэй скаутаа хүлээж байв.
Дрог арван мянган футын өндрөөс салхи исгэрүүлсээр бууж ирээд хатуу биед шилжин скаутуудын бүлэгт яаран нийлэв.
-Пүү гэж тэр ам нээв.-Намайг уучлаарай, эхлээгүй юм байх л гэж бодоод…
Багийн ахлагч түүн рүү хилэнтэй харц чулуудна.
-Дрог, чи дүрэм ёсоор хувцаслаагүй байна.
-Уучлаарай эрхэм ээ гэж хэлээд Дрог гаргахаа мартчихсан байсан тэмтрүүлээ гаргаж ирэв.
Бусад нь үүнийг хараад жигтэй нь аргагүй хөхрөлдөв. Дрог харин минчийтлээ улайгаад ичсэндээ газрын гаваар ороход ч бэлэн байлаа. Даанч яг одоо бол тэгэж гаваар ороход тохиромжгүй үе байлаа.
Багийн ахлагч:
-Энэ цугларалтыг би Скаутын тангаргаар эхлэхийг хүсч байна гэж хэлээд хоолойгоо засаад ийн үргэлжлүүлэв.-Элбонай гарагийн залуу скаутууд бид энэ нутгийг анх нээсэн өвөг дээдсийн өв их туршлага мэдлэгийг мөнхөд хадгална хэмээн тангараглаж байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид өвөг дээдсийнхээ дүр төрхөд хувилан орж, Элбонайн онгон уудам нутгийг эзэмшиж байхдаа тэд ямар байсан яг тийм болцгооно. Зөвхөн нэр төртэй шударга…
Скаут Дрог ахлагчийнхаа нам дууг сайн тусган авахын тулд сонсголынхоо мэдрэгчүүдийг илүү сайн тохируулаад авлаа. Энэ тангаргыг сонсох болгонд бие нь зарсхийдэг юм. Тэртээ дээр үед өвөг дээдэс нь гарагаас уяатай юм шиг байсан гэдэгт итгэж ядна. Одоо үеийн элбонайчууд биеийн жингийнхээ хамгийн бага хувийг авч үлдээд хорин мянган футын өндөрт нисч, сансрын туяагаар хооллодог болсон бөгөөд зайлшгүй шаардлага гарсан үед болон Их наадамд бэлдэх үед л доош бууж ирдэг болчихсон.
-… тэмцэл явуулна гэж бид тангараглаж байна гэсээр ахлагч үргэлжлүүлэв.-Мөн бид өвөг дээдсийнхээ адил ус ууж, хатуу хоол идэн, тэдний мэдлэг, ашигтай дадлуудыг аль болох гүн эзэмшинэ гэж тангараглаж байна.
Тангараг ч дуусч скаутууд ч тал тал тийш бутарцгаалаа. Багийн ахлагч Дрогод ойртов.
-Энэ бол Их наадмын өмнөх сүүлийн цугларалт шүү дээ гэж тэр хэллээ.
Дрог толгой дохиод:
-Би мэдэж байгаа гэв.
-Гэтэл чи өнөөг хүртэл Мирашийн ангуучдын ердөө л хоёрдугаар зэрэглэлийн скаут байж байдаг. Бусад чинь аль хэдийн нэгдүгээр зэрэглэл авах нь аваад, чадаагүй нь ядаж л залуу анхлан нээгчийн цол авчихсан явна. Манай баг муу хэлэгдвэл яана?
Дрог ичсэн байртай хавчигналаа.
-Үүнд би ганцаараа буруутай биш шүү гэж тэр тайлбарлалаа.-Усанд сэлэлт, бөмбөг бэлтгэлийг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй нь үнэн л дээ. Гэхдээ би заавал бүгдийг хийж чаддаг байх албагүй. Анхлан нээгчдийн дотор ч зөвхөн өөрийн нарийн мэргэжлээр дагнасан…
Ахлагч түүний үгийг таслаад:
-Тэгвэл чиний хамгийн сайн чаддаг юм чинь юу юм? гэв.
-Уул, ой хөвч гэж Дрог уухайн тас хариулав. –Би мөр хөөх, ан хийх бүрэн курсийг дүүргэсэн л дээ.
Ахлагч хэсэг зуур түүнийг сонжин ширтлээ. Дараа нь үгээ удаан зөөж:
-Дрог хэрэв чамд нэгдүгээр зэрэглэл аваад зогсохгүй дээр нь Хүндэт тэмдэгээр шагнуулах сүүлчийн боломж өгвөл чи яах вэ?гэх нь тэр.
-Би бэлэн гэж Дрог хар чадлаараа хариулав.
-Сайн байна гэж ахлагч хэллээ. –Манай баг ямар нэртэй билээ?
-“Мирашийн ангуучид” эрхэм ээ.
-Мираш гэж юуг хэлдэг юм бэ?
-Мираш бол бие томтой догшин араатан гэж Дрог дуржигнуулав.-Эрт дээр үед мирашууд Элбонайн арвин их газрыг эзлэн амьдардаг байсан бөгөөд манай өвөг дээдэс тэдэнтэй хатуу ширүүн тэмцдэг байсан. Тэд одоо үхэж үгүй болсон.
-Яг ч тийм биш л дээ гэж Ахлагч түүнийг засав.-Өмнөд өргөргийн 233 градус, өрнөд уртрагийн 482 градусын байршилтай эндээс хойд зүгт байдаг ойд тандалт хийгээд гурван тоо толгой бүхийн мирашийн сүргийг илрүүлсэн байна. Бүгд эрэгчин болохоор тэднийг агнаж болно. Тэгэхээр байна аа, Дрог чи тэднийг мөшгөж олох хэрэгтэй. Бас дээр нь анхлан нээгчдийн аргуудыг ашиглан ядаж ганц ч гэсэн мирашийн арьсыг нь олж авах хэрэгтэй байна. Чадах уу?
-Чадна, эрхэм ээ.
-Тэгвэл яг одоо замд гар гэж ахлагч хэллээ. –Тэгээд мирашийн арьсыг бид багийнхаа туганд зүүнэ гэдгийг сайн тогтоож аваарай. Ингэж чадвал биднийг Их наадмын үеэр онцлох нь гарцаагүй.
-Мэдлээ гүйцэтгэе, эрхэм ээ гэчихээд Дрог хамаг хэрэгсэлээ яаран цуглуулж, дашмагаа шингэнээр дүүргэн, хатуу хоол бүхий өглөөний хоолоо аваад замд гарлаа.
Ердөө хэдхэн минутын дараа гэхэд л Дрог маань ахлагчийн заасан газрын дээгүүр эргэлдэн нисч байв. Доор нь цасан оройтой уулзс, хачин хэлбэр дүрстэй хад асга, уулын хөндийгөөр битүү ургасан давжаа мод, бут сөөг гээд ер нь их зэрлэг, романтик газар харагдана. Мань Дрог тэвдсэн байртай эргэн тойрноо харан ниснэ.
Тэрээр багийн ахлагчийн өмнө бага зэрэг залчихсан болохоор арга ч үгүй юм.
Яг үнэнийг хэлэхэд мань Дрог мөр мөшгөх, ан хийхдээ тийм ч сайн биш байлаа. Юу хамгийн сайн чаддаг вэ гэхээр таван мянган футын өндөрт мөрөөдөлд умбан бодолд дарагдан үүлсийн дунд хөвөхийг л хамгийн сайн чаддаг.
Гэтэл нөгөө мирашуудыг олж чадахгүй бол яанаа? Эсвэл бүр нөгөө мирашууд нь түүнийг эхлээд анзаарчихвал яанаа? Гэвч сүүлийн бодлоо тэр даруй таягдан хаяв. Аргаа барлаа гэхэд тэр гестибулдчих юм чинь. Хэн ч юу ч мэдэхгүй.
Мирашийн сулавтар үнэрийг авлаа. Тэр даруйд өөрөөс нь хориод ярдын газар Т хэлбэртэй хачин хадны дэргэд юм хөдлөхийг мэдрэв.
Ийм амархан байсан юм уу гэж Дрог бодлоо. Би ч азтай юм аа. Тэрээр өнгөлөн далдлалтыг зохих ёсоор нь хийж аваад урагшилж эхэллээ.
***
Уулын жим улам огцом болж эхэллээ. Нар ч хайр найргүй шарж байв. Пакстон агааржуулалттай комбинзон өмссөн мөртлөө л хөлсөндөө хутгалдаж явлаа. Тийм ч болохоор цаашид дуулгавартай залуугийн дүрд тоглож чадахааргүй болжээ.
-Хэдүүлээ эндээс хэзээ арилах юм гэж тэр асуув.
Хариуд нь Эррера мөрөн дээр нь алгадаж тайвшруулаад:
-Чи чинь баяжихийг хүсэхгүй байгаа юм уу даа гэв.
Пакстон:
-Бид аль хэдийн баяжчихаад байна шүү дээ.
Эррера:
-Тэгсэн. Гэхдээ хангалтгүй гээд инээмсэглэхэд нь нь зууван бор царай нь үрчлээсээр дүүрэв.
Хайгуулын багажаа дааж ядан уухилсаар Стилмен дөхөөд ирэв. Ачаагаа жим дээр болгоомжтой буулгачихаад хажууд нь суугаад авлаа.
-Ингэхэд жентельменүүдээ, бага зэрэг амарвал яаж байна аа?
Эррера:
-Бололгүй дээ. Би бол насан туршдаа амарсан ч бэлэн байна гэчихээд Т хэлбэртэй хадыг налан суув.
Стилмен гаансаа нэрж, Эррера комбинзоныхоо халаасны цахилгааныг нээж байгаад навчин тамхи гаргаад ирэв. Пакстон тэр хоёрыг хэсэг зуур харж суулаа. Тэгснээ нөгөө асуултаа давтан хэлэв.
-Энэ гарагаас хэзээ зайлах юм бэ? Эсвэл та хоёр энд үлдсэн амьдралаа өнгөрөөхөөр шийдээ юу?
Эррера инээмсэглэснээ чүдэнз зуран тамхиа асаав.
-Хөөе чи муу миний хэлээд байгааг сонсохгүй байна уу? гэж Пакстон хашгичив.
-Зүгээр байлдаа чи гэж Стилмен хэлэв.-Чи ганцаараа шийдчихдэг юм уу. Энэ аялалд бүгд адил тэгш эрхтэй хамтрагчид шүү.
Хариуд нь Пакстон:
-Тэгсэн ч гэлээ миний мөнгөөр зохион байгуулсан биз дээ гэж сануулаад авлаа.
-Тэр ч тийм. Тийм болохоор л чамайг хамтрагчаа болгосон байхгүй юу. Эррера бол хамгийн туршлагатай алт хайгч. Би онолын мэдлэгтэй, дээр нь пуужин жолоодож чадна. Харин чи бол мөнгөтэй.
-Тэгээд яагаав ээ. Хөлгөө зайгүй дүүргэчихээ биз дээ гэж Пакстон түүнийг үгийг таслав.-Ачааны хэсэг зүү орох газаргүй болтлоо дүүрчихсэн. Одоо тэгээд арай илүү соёлтой газар очиж байгаад тансаглаж болдоггүй юм уу, айн?
-Эррера бид хоёр чам шиг үрэлгэн хүмүүс биш л дээ гэж Стилмен тэвчээртэй хэлэв.-Бид хоёр болохоор хөлгийнхөө өнцөг булан, нүх сүв болгоныг эрдэнсээр дүүргэх гэсэн гэмгүй цагаан бодолтой хүмүүс. Бид хоёр түлшнийхээ савыг алтаар, хоолны шуудайгаа номин эрдэнээр дүүргэж, шалаа алмас эрдэнээр бүрхэхийг л хүсч байна. Тэгээд ч тоолж баршгүй их эрдэнэс энэ гараг дээр намайг аваачээ гэж байгаа юм шиг хаа сайгүй хөглөрч байгаа биз дээ. Бид хоёр зүүдэнд ч оромгүй баян болохыг хүсч байгаа юм шүү дээ Пакстон минь, бүр бөөлжис цутгамаар баян. Ойлгож байна уу?
Пакстон яриаг нь сонссон шинж алга. Мань эр жим явсаар тахийсан хэсэгт юуг ч юм бэ нэг зүйлийг анхааралтай ширтэж байснаа:
-Тэр дөнгөж сая байрнаасаа хөдөлчихлөө гэв.
Эррера тас тас хийтэл инээд алдлаа.
-Яасан мангас явж байна уу?
-Тайван байна шүү хөө гэж Стилмен хэллээ. –Жаал минь аан гээд сонсож бай. Би нас тогтож, жин нэмсэн хүн. Тэгэхээр намайг тийм ч амархан айлгачихгүй шүү. Бидэнд өчүүхэн төдий аюул заналхийлж байсан бол энд ингээд сууж байна гэж бодоо юу?
-Тэр хараач. Нөгөөх чинь ахиад хөдөлж байна.
-Хэдүүлээ энэ гарагийг гурван сарын өмнө нэгд нэгэнгүй судалсан биз дээ гэж Стилмен учирлав. –Тэгэхэд ухаантай амьтад байдаг гэх ямар ч ул мөр, ямар ч аюултай араатан, хортой ургамал олоогүй. Энд зөвхөн ой, уулс, нуур, гол мөрөн бас хаа сайгүй хөглөрөх номин эрдэнэ, алмаз эрдэнэ, алтан гулдмай л байгаа. Үгүй байсан бол бид хэд рүү аль эрт ямар нэгэн амьтан дайрчихсан байгаа.
-Хөдөлж байхыг нь яах аргагүй харсан гэж хэлээд байхад чинь дээ гэж Пакстон зөрүүдлэв.
Эррера босоод:
-Энэ мод мөн үү? гэж асуув.
-Мөн. Чи өөрөө хар л даа. Бусад модтой адилгүй байгаа биз дээ. Хэлбэр нь шал өөр…
Эррера яах ийхийн зуургүй бластераа хуйнаас нь сугалан гаргаж ирээд мод руу гурван удаа буудах нь тэр. Агшин зуурын дараа нөгөө мод байсан газар ч тэр эргэн тойрны арван ярдын газар зөвхөн харлаж нүүрс болсон ёзоорууд л ёрдойж байв.
-За, ингээд л гүйцээ гэж Эррера хэлэв.
Пакстон эрүүгээ маажлаа.
-Чамайг буудаж байхад тэр мод дуу алдахыг би сонссон шүү.
-Мэдээж шүү дээ. Гэхдээ би одоо тэр модыг чинь буудчихлаа гэж Эррера аргандгуй хэлэв.-Хэрэв өөр ямар нэг юм хөдөлж эхэлбэл шууд хэлээрэй. Би дор нь учрыг нь олоод өгнө. Харин одоо бол явж номин эрдэнээ түүцгээе.
Пакстон Стилмен хоёр цүнхээ аваад Эррераг даган жимээр дээш өгслөө.
Пакстон Эррерагийн араас дохиод:
-Мундаг залуу байгаа биз дээ, тийм үү? гэж аяархан хэлэв.
***
Дрог бага багаар ухаан оров. Мирашийн галт зэвсэг түүнийг гэнэдүүлчихэж. Яаж яваад оногдсоноо ч одоо хүртэл ойлгож ядна. Уг нь бол цаадуул нь түүнийг урьдчилан үнэрлэж байгаад дараа нь чихээ хулмайлган архирах ёстой байтал тэгсэнгүй шууд л дайрчихдаг байгаа. Мирашийн эрэгчин урд нь дайсан байна уу, найз байна уу гэдгийг тодруулах ч гэсэнгүй шууд яах ийхийн зуургүй буудчихлаа.
Ямар гээчийн аймшигтай араатантай учирснаа Дрог одоо л сайн ойлгож авлаа. Мирашуудын алхах чимээ намжтал хэсэг хүлээж байгаад Дрог өвдөлтөө тэвчин байж харааныхаа мэдрэгчдийн ажиллагааг хэвийн болгох гэж оролдов. Болдоггүй шүү. Дрог айдаст автлаа. Мэдрэлийнх нь систем гэмтчихсэн бол сөнөлөө л гэсэн үг шүү дээ.
Тэрээр ахин нэг удаа хамаг хүчээ шавхан оролдтол хараа нь сэргэсэн болохоор санаа нь амарч санаа алдлаа. Гэрэл гялс хийх үед тэрээр төрөлхийн совингоороо квонддож амжсан тулдаа л амьд үлджээ.
Мирашуудыг мөшгөх ямар ч хүсэлгүй байгаагаа Дрог мэдрэв. Ингэхэд ер нь тэр тэнэг арьсгүй зүгээр буцаад очвол яадаг юм бэ? Багийн ахлагчид болохоор мирашууд бүгд эмэгчин байна гээд л хэлчихье. Эмэгчинг агнах хориотой юм чинь. Скаутын үгэнд хэн ч эргэлздэггүй болохоор хэн ч түүнийг шалгаж, байцаахгүй. Гэхдээ л Дрог хэзээ ч ийм зүйл хийхгүй байлаа. Ер нь ийм юм яаж бодож чаддаг байна аа?
Тэгвэл яах вэ, скаутаа больдог юм билүү гэж Дрог бодож үзэв. Ядаргаатай түүдэг гал, дуу, тоглоом, үерхэл нөхөрлөл энэ тэрийг нэг мөр дуусгах уу.
Тэгэж ч ярихгүй шүү гэж тэр хатуу шийдэв. Өөрийгөө дайчлах хэрэгтэй. Урд нь мирашуудыг ухамсартай амьтан гэж бодоод ан хийсэн. Гэтэл мирашууд бол ухамсарт амьтад биш. Тэмтрүүлгүй амьтад ухамсартай байдаггүй. Энэ бол Этлибийн хууль, харин Этлибийн хууль бол маргашгүй үнэн. Ухамсар ба араатны араншин хоёрын тэмцэлд ухамсар ямагт ялан дийлдэг. Өөрөөр байх ч аргагүй. Тэгэхээр шинэ арга сэдэх л үлдэж байна.
Дрог мирашуудын үнэрийг авч байгаад ахин мөшгөж эхэллээ. Ямар зэвсэг хэрэглэдэг юм билээ гэж тэр бодож байв. Жижигхэн цөмийн бөмбөг яах бол? Үгүй ээ, арьсыг нь баллаад хаячихана.
Дрог гэнэт зогстусаад тас тас хийтэл хөхөрч гарлаа. Ийм амархан юм байсаар байтал урд нь сэтгэж байхгүй дээ. Мирашуудтай шууд тулж амь өрсөх хэрэг юу байна аа. Толгойгоо ажиллуулж байгаад амьтдын сэтгэл зүйн талаарх мэдлэгээ, өгөөштэй хавх тавих чадвараа ашигладаг хэрэг.
Ингээд Дрог маань мирашуудыг мөшгөхийн оронд шууд л оромжийг нь чиглэв.
Тэнд нь очиж байгаад урхи тавина даа.
***
Агуйг отог болгон сонгосон байв. Мань гурав бүр нар жаргаж байхад отог дээрээ ирлээ. Хадан цохио хачин сонин сүүдэр хаялжээ. Хөлөг нь отгоос таван бээрийн цаана, уулын хөндийд байсан бөгөөд гадаргуу нь мөнгөлөг улаан туяа цацруулан гялалзаж харагдана. Эрдэнэсийн эрэлчин гурван эрийн цүнхэнд нэг их том биш ч гэлээ гайхалтай өнгөтэй арав гаруй номин эрдэнэ байлаа.
Яг ийм үед Пакстон тэртээ Огайо дахь жижигхэн хотын цайвар үст бүсгүйн тухай мөрөөдөх дуртай байлаа. Эррера болохоор ухаан сууж фермер болохоосоо өмнө сая сая долларыг яаж үрэн таран хийнээ төсөөлөн инээмсэглэнэ. Харин Стилмен харь гарагийн эрдэсийн орд газрын талаарх ирээдүйн цол хамгаалах ажлаа бодолдоо бичин бувтнана.
Мань гурвын сэтгэл санаа гэж хачин сайхан. Түрүүхэн болж өнгөрсөн дарамттай явдлаас хойш Пакстон аль хэдийн сэхэл авчихсан байсан болохоор одоо гэв гэнэт хагас нүцгэн сайхан хүүхнийг хөөсөн аймшигтай ногоон мангас гараад ирвэл баярлана уу гэхээс айхгүй болсон байлаа.
Гурвуул агуйн үүдэнд дөхөж ирэхэд Стилмен:
-За ингээд гэртээ ирлээ дээ гэж хэлэв. –Ингэхэд оройн хоолон дээрээ бифштекс идвэл яаж байна.
Өнөөдөр мань эрийн тогоо барих ээлж.
-Сонгинотой шүү гэж Пакстон хэлчихээд агуй руу алхалснаа тэр даруй буцаад огил үсрэв.-Юу гээчийн чөтгөрийн юм бэ энэ чинь?
Агуйн амнаас хэдхэн футын наана утаа савсуулсан жижигхэн бифштекстэй таваг, лонх виски бас дөрвөн ширхэг том алмаз байж байх нь тэр.
-Хачин юм даа гэж Стилмен ам нээв.-Тун ч таагүй бодол төрөөд эхэлж байна шүү.
Алмазуудыг сайн харахаар Пакстоныг тонгойтол Эррера түүнийг түлхээд холдуулчихав.
-Доор нь тэсрэх бөмбөг хийчихсэн ч юм билүү.
-Тэгвэл энд чинь ямар ч утас харагдахгүй байна шүү дээ гэж Пакстон зөрлөө.
Бифштекс, алмаз, вискийг Эррера нэг хэсэгт тас ширтэв. Харц нь тун ч ёозгүй.
-Энэ нэг л бишээ гэж мань эр ам нээв.
-Энэ гараг дээр нутгийн оршин суугчид байдаг юм биш байгаа даа гэж Стилмен таамаг дэвшүүлэв. –Их аймхай бүрэг оршин суугчид. Тэгээд сайн санааны тэмдэг болгож энэ бэлгийг явуулсан байх.
-Яг шүү дээ гэж Эррера түүнийг явуулав.-Тэгээд бидний төлөө ганц лонх “Олд Спейс Рейнжэр” авчрах гээд дэлхий рүү харайлгачихаад ирсэн байна, тийм ээ?
-Тэгээд одоо яах вэ? гэж Пакстон асуув.
-Чи бага зэрэг холдож бай даа гэж Эррераа тушаалаа. Дараа нь хажуудах модноос урт гэгч нь мөчир хугалан авч байгаад алмазуудыг чичиж үзэв.
-За тэр, яах ч үгүй л байгаа биз дээ гэж Пакстон хэллээ.
Гэтэл Эррерагийн гишгэлж байсан урт өвс гэнэт шагайгаар нь ороогоод авах нь тэр. Хөрс 15 фут орчим голчтой, зээрэнцэг хэлбэртэй болон сөрдийж байгаад өвс ургамлыг үндсээр нь суга татан эргэлдэж агаарт хөөрч эхэллээ. Эррера үсрэх гэсэн боловч өвснүүд мянга мянган ногоон тэмтрүүл шиг л зуурчихаад тавьсангүй.
-Тэсээрэй хөө гэж Пакстон эмэгтэй хүний хоолойгоор орилонгоо үсэрч зээрэнцэгний ирмэгээс бариад авлаа. Зээрэнцэг огцом хазайж агшин зуур зогссоноо ахиад л дээшилж эхллээ. Эррера харин энэ зуур ангийн хутгаа гаргаж амжаад өвсөн чөдрүүдийг огтолж эхэллээ. Стильмен ч сэхээ авч дээш өлгөгдөн хөөрч эхэлсэн Пакстоны хөлнөөс нь зуурснаар зээрэнцгийн эрчимтэй хөөрөлтийг хэсэг зуур зогсоож дөнгөв.
Энэ хооронд Эррера нэг шагайгаа арай хийж суллаж аваад булчинлаг лагс биеэрээ зээрэнцгээс мултран унжиж орхив. Нөгөө хөлийг нь ороож байсан өвснүүд биеийнх нь хүндийг нэг их удаан барьж дийлсэнгүй. Эррера толгойгоороо доош унаж явах зуураа хамгийн эцсийн мөчид биеэ чангалан эргээд мөрөөрөө газардаж чадлаа. Пакстон ч зээрэнцэгээс зуурч байсан гараа тавиад Стилмений яг гэдсэн дээр унав. Харин өвсөн зээрэнцэг бифштекс, алмаз, лонх вискийн хамт өндөрт хөөрөөд удалгүй бараа нь тасрав.
Нар жаргачихлаа. Мань гурав бластеруудаа бэлэн барьсаар чив чимээгүй агуйн дотогш орцгоов. Агуйн аман дээр түүдэг асааж, өөрсдөө гүн рүү явлаа.
-Ээлжлэн манаанд гарцгаана шүү гэж Эррера хэлэв.
Пакстон Стилмен хоёр зөвшөөрч толгой дохилоо.
-Чиний зөв байжээ Пакстон минь гэж Эррера яриагаа үргэлжлүүлэв.-Бид энд хангалттай удсан бололтой.
-Бүр дэндүү удсан гээч гэж Пакстон яриаг нь засав.
Эррера мөрөө хавчаад:
-Үүр цаймагц хөлөг рүүгээ буцаж очоод эндээс арилаад өгцгөөе.
-Хөлөг дээрээ очих тавилантай бол шүү дээ гэж Стилмен ёрлов.
***
Дрог бүр яахаа ч мэдэхээ байчихсан байв. Хавх яаж ажиллаж, мирашууд хэрхэн тэмцэж, баригдалгүй үлдэж байгааг тэрээр амьсгал даран харж байсан билээ. Уг нь ч хачин сайхан мираш байсан шүү. Тэр гурвын хамгийн том нь.
Юун дээр алдаа гаргаснаа Дрог одоо сайн ойлгож байлаа. Хамгийн сайн үр дүнд хүрэх гэж хэт улайрснаас болоод өгөөшийг хэтрүүлчихэж. Мирашуудын аймаар дуртай эрдэсүүд дангаараа байхад л хангалттай байсан юм. Гэтэл анхлан нээгчдийн аргыг сайжруулдаг мундаг амьтан болох гээд хүнсний цочроогч нэмчихдэг. Мирашууд хар авсанд гайхах зүйл ер алга.
Одоо бол тэд уурлачихсан, их болгоомжтой болчихсон болохоор маш аюултай.
Харин уурласан мираш гэдэг бол Галактикийн хамгийн аюултай амьтдын нэг байдаг.
Элбонайн хоёр саран өрнө зүгт мандахад Дрог үнэхээр ганцаардаж байгаагаа мэдэрлээ. Агуйн аман дээр мирашуудын асаасан түүдгийг, агуйн гүнд буугаа барих нуугдсан мирашуудыг ч харж байлаа.
Нэг муу мирашийн арьсны төлөө ингэж зовох хэрэг байна уу даа? Яг одоо үүлсээр хачин чамин дүрс хийж, мөрөөдөлдөө умбангаа таван мянган футын өндөрт нисч байвал сайхан байхгүй гэж Дрог бодлоо. Энэ муу балиар хатуу хүнсийг идэж байхын оронд сансрын туяаг дуртайяа шимэн илчийг нь авахсан. Ингэхэд ер нь ингэж мөрдөж мөшгөн ан хийх ямар утга байна? Түүний ард түмэнд бол ямар ч хэрэггүй чадварууд шүү дээ.
Энэ бодолдоо өөрийгөө бараг итгүүлчихээд байтал гэнэт мэргэн арга гялсхийн орж ирэв.
Амьдралын төлөөх тэмцэл, энэ тэмцэлтэй холбоотой бүх аюул осол бол Элбонайн иргэншлийн хувьд аль хэдийн өнгөрсөнд үлдсэн зүйл билээ. Гэвч сансар огторгуй уудам, аюул ослоор дүүрэн. Элбонайчууд ямар шинэ аюул осолтой таарахыг хэн тааж мэдэх билээ? Тэгээд энэ бүх ан хийх дадал, туршлага мартагдчихсан байхад тийм аюул нүүрлэвэл яах болж байна?
Үгүй ээ, өвөг дээсийнхээ мэдлэгийг мартаж болохгүй. Дээдсийн маань өв бол дайсагнасан сансар огторгуй дахь эвийг эрхэмлэсэн ухамсарт амьдрал ямар эмзэг, хэврэг байдгийг байнга сануулсан санамж, жишээ болж байх ёстой.
Дрог одоо нэг бол мирашийн арьсыг хуулна, үгүй бол өөрөө үхнэ. Хамгийн гол нь тэднийг агуйгаас нь холдуулах хэрэгтэй. Дрогийг анчны зөн совин нь эргэн сэргэжээ. Мань Дрог дууныхаа холбоосыг маш хурдан бөгөөд чадварлагаар мирашуудын дуутай адил өнгөөр тохируулан өөрчлөв.
***
-Тэр сонсов уу гэж Пакстон асуув.
-Харин тийм гэж Стилмен хариулав.
Харанхуйгаас гарах чимээг бүгд чих тавин сонслоо.
Нөгөө чимээ ахиад гарав. Хэн нь мэдэгдэхгүй нэг хүн:
-Туслаарай. Туслаарай гэж орилж байлаа.
-Энэ чинь бүсгүй хүний дуу байна гэсээр Пакстон огло харайн босов.
-Энэ бол эмэгтэй хүний дуутай төстэй юм гэж Стилмен тодруулав.
-Туслаарай, гуйж байна. Би тэвчихгүй нь ээ. Хүн байвал туслаач ээ.
Пакстоны цөс нь хөөрөөд эхлэв. Жуулчны эвдэрсэн хөлгийнхөө дэргэд (яаж тэнэгтэхээрээ ийм хөлгөөр аялдаг юм бол бүү мэд) сэжиг хүрэм ногоон, нялцгай араатнуудад бүслэгдчихсэн зогсож байгаа туяхан, хөөрхөн бүсгүйг мань эр агшин төдийд дүрслэн бодлоо.
Дараа нь Пакстон нэмэлт бластераа гаргаж ирээд тун ч тайвнаар:
-Би тийшээ очлоо гэж хэлэв.
-Мал минь наанаа сууж бай гэж Эррера тушаав.
-Бүсгүйн орилж байгааг чи…
-Энэ чинь эмэгтэй хүн байх ямар ч үндэсгүй гэж Эррера хэлэв.-Энэ гараг дээр хаанаасаа хүүхэн гараад ирдэг билээ?
Пакстон хоёрын хоёр бластераа сүрдмээр савчуулж байгаад:
-Харин наадахыг чинь би очиж тодруулах гээд байна гэж Пакстон шийдэмгий хэллээ.
-Суу гэж байна гэж байнаа чамайг гэж Эррера зандарлаа.
-Нээрээ тийм шүү гэж Стилмен ярианд орж Пакстоныг сэнхрүүлэхийг оролдов. –Тэнд үнэхээр эмэгтэй хүн байлаа гэж бодоход бид хэд очоод туслаж чадна гэдэг тун ч эргэлзээтэй шүү.
Нөгөө дуу тасалдсангүй.
-Туслаарай, авраарай. Нөгөө амьтан чинь намайг хөөгөөд барьлаа шүү дээ.
-Алив замаас зайл гэж байна шүү гэж Пакстон заналтай хашгирлаа.
-Чи үнэхээр тийшээ явах гээд байгаа юм уу гэж Эррера үл итгэсэн байртай лавлан асуув.
-Тийм ээ. Надад саад болох гэж оролдоод үзээрэй чи.
-За за тэгвэл явж үз гээд Эррера агуйн амны зүг гараараа дохив.
Стилмен айдаст автсан дуугаар:
-Надахаа явуулж болохгүй шүү дээ гэвэл Эррера:
-Би биш наад чинь үхэх юм чинь гэж залхсан байртай хариулав.
-Та хоёр санаа бүү зов гэж Пакстон аргадав.-Ердөө арван таван минутын дараа би эргээд ирнэ. Бүсгүйн хамт шүү.
Ингэж хэлчихээд мань эр өсгийн дээрээ эргэн агуйгаас гарахаар алхав. Эррера харин үл мэдэг урагш тонгойн тайрдсаар дагзан дундуур нь маш оновчтой байлгаад авах нь тэр. Гулзайн унах Пактсоныг Стилмен арай л гэж барьж амжлаа.
Хоёул нийлж байгаад Пакстоныг агуйн гүн рүү чирч оруулчихаад байрандаа эргэн ирлээ.
Хөөрхий азгүй хатагтай ахиад уртаас урт таван цагийн турш тусламж гуйн орилж хашгирлаа..
***
Бороотой бүүдгэр өглөө болоход Дрог агуйгаас зуун ярдын зайнд байж байв. Мирашууд агуйгаас гарч буугаа бэлэн бариад эргэн тойрноо маш анхааралтай ширтэн мөр мөрөө нийлүүлэн урагшилж эхлэхийг сайн харж байлаа.
Яагаад энэ удаад ч гэсэн бүтэлгүйтчихдэг байна аа? Мирашийн эрэгчинг өдөөн гаргаж ирэх хамгийн найдвартай арга гээд скаутын сурах бичиг дээр биччихсэн байсан шүү дээ. Орооных нь үе эхлээгүй байсан юм болов уу?
Мирашуудын чиглэж байгаа өндөг хэлбэртэй төмөр сав бол сансраар нисэхэд зориулагдсан бүдүүлэг төхөөрөмж мөн болохыг Дрог танилаа. Загвар нь хэдий бүдүүлэг ч гэлээ мирашууд дотор нь ороод авбал яаж ч чадахгүй болно.
Уг нь бол Дрог тэднийг шууд тревэстлэж чадах байсан ч арай л харгис арга юм даа.
Залуу скаут маань бүх зүйл дээр эртний Элбонайчуудтай адил байхыг чармайх бөгөөд тэд нар нь харин дайсандаа ямагт өгөөмөр сэтгэл гаргадаг байсан билээ.
Тэгэхээр ан хийх хамгийн эртний аргуудын нэг болох илтроци л үлдэж. Харин энэ аргыг ашиглахын тулд Дрог мирашуудад тулж очих ёстой байдаг. Гэхдээ түүнд бол алдаад байх юм үгүй чинь.
Тэгээд ч цаг уурын байдал ч яг таарамжтай болчихож.
***
Эхэндээ агаарт тунгалаг, хөнгөхөн утаа хөшиглөж байсан юм. Гэвч усархаг наран саарал тэнгэрт мандаж эхлэхэд манан өтгөрч эхэллээ.
Эррера хараал урсгав.
-Энэ л дутаад байж гэнэ дээ. Мөр мөрөө нийлүүлээрэй. Нэгнээсээ ер холдож болохгүй шүүү.
Одоо бол мань гурав нэг гартаа бластераа барьчихаад нөгөө гараараа нэг нэгнийхээ мөрнөөс барин алхаж эхэллээ.
-Эррера?
-Яав?
-Зөв явж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Мэдээж. Энэ хараал идсэн мананг буухаас өмнө би луужингаараа чиг авчихсан.
-Луужин чинь эвдэрчихвэл яах уу?
-Тэр талаар бодоод ч хэрэггүй шүү.
Хадан хясааны хэлтэрхий дундуур мань гурав болгоомжтой нь аргагүй зам гарган урагшилсаар.
-Би хөлгөө харах шиг боллоо гэж Пакстон хэлэв.
-Бишээ, арай л болоогүй байгаа гэж Эррера хариулав.
Тэгтэл Стилмен чулуунд тэглээд бүдрэхдээ бластераа унагчихав. Бластераа газраас аваад мананд дунд тэмтэчсээр Эррерагийн мөрийг олоод цааш үргэлжлүүлэн явлаа.
-Одоо ойртож байна шүү гэж Эррера хэлэв.
-Тэгмээр дээ гэж Пакстон хариуллаа. –Би бүр залхаж байна шүү.
-Нөгөө хөөрхөн бүсгүй чинь хөлөг дээр хүлээж байгаа гэж бодоо юу?
-Нэг юмаа байн байн ярихаас залхахгүй байна уу чи?
-За за болилоо гэж Эррера хэлэв.-Хөөе Стилмен чи миний мөрөн дээрээс барьсан чинь дээр шүү. Төөрчихвөл баларна шүү.
-Би чиний мөрөн дээрээс бариад л явж байна шүү дээ.
-Бариагүй л байна даа.
-Барьж байна гээд хэлээд байхад.
-Миний мөрөн дээрээс хүн барьж байна уу үгүй юу гэдгийг ялгахтайгаа байна шүү.
-Тэгвэл Пакстон энэ чиний мөр үү?
-Үгүй ээ.
-За баларлаа даа гэж Стилмен үгээ зөөж ядан хэллээ. –Баларлаа.
-Яахаараа балардаг юм?
-Яагаад гэвэл би хэний ч юм бүү мэд мөрнөөс бариад яваад байна за юу.
-Хэвтээд гэж Эррера хар чадлаараа орилоо. –Хурдан хэвтээрэй. Би буудлаа шүү.
Гэвч нэгэнт оройтжээ. Исгэлэн үнэр агаараар тархаад ирэв. Стилмен Пакстон хоёр түүгээр ганц амьсгалаад л цохиулсан юм шиг нураад уначихав. Эррера амьсгалахгүй байхыг хичээн урагшаа сохроор харайлгатал бүдрээд хадны хэлтэрхий дээр унаад босох гэтэл…
Нүд нь харанхуйлаад явчихлаа.
Гэнэт манан сарнин алга болов. Маасайтал инээмсэглэчихсэн Дрог гав ганцаар зогсож байлаа. Тэгээд урт гэгч нь хутга гаргаж ирээд хамгийн ойр байгаа мирашийн дээрээс тонгойлоо…
***
Ганцхан хормын дотор бүх хөдөлгүүрээ шатааж мэдэх тийм аймшигтай хурдаар хөлөг дэлхийг чиглэн нисч байлаа. Эррера удирдлагын самбартай ноцолдож харагдана. Тэгсээр арай хийж айдсаа даран ердийн тайван, зоригтой хэвээр болж аваад хурдыг хэвийн болгож өөрчиллөө. Мань эрийн гар нь салгалж, хөрслөг бор царай нь үнсэн саарал өнгөтэй хэвээр байв.
Цаад талын өрөөнөөс Стилмен гуйвсаар гарч ирээд хоёр дахь нисгэгчийн суудал дээр унаад өгөв.
-Пакстон яаж байна гэж Эррера асуулаа.
-Дрон-3-ыг тарьчихлаа гэж Стилмен хариулав.-Одоо зүгээрээ.
-Уг нь сайн залуу шүү.
-Байдаг л нэг шоконд орсон байх гэж бодож байна. Сэхээ орохоор нь алмаз тоолуулаад суулгачихъя. Үүнээс илүү эм гэж юу байх билээ.
Эррера мушилзан инээмсэглэж царай нь ахиад яагаараад ирэв.
-Ингээд бүх зүйл нэгэнт өнгөрчихсөн болохоор би ч гэсэн алмаз тоолмоор болж байх чинь гэж хэлснээ мань эрийн царай гэнэт чухал болж өөрчлөгдлөө.-Ямар гээч амьтан яах гэж тийм юм хийснийг би ер ойлгож чадахгүй юм. Ална гэсэн ч ойлгохгүй байна.
***
Скаутуудын их наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. “Халигч шонхор” нэртэй 22-р баг Элбонайг байлдан дагуулж байгааг харуулсан бяцан үггүй жүжиг үзүүлэв. “Зоригт бизонууд” нэртэй 31-р баг анхлан нээгчдийн байлдааны хувцас өмсөж гайхуулав.
Харин “Мирашийн ангуучид” багийн тэргүүнд Дрог алхаж явлаа. Нэгдүгээр зэрэглэлийн скаут болсон түүний энгэрт Хүндэт тэмтдэг гялалзаж харагдана. Мань Дрог багийнхаа тугийг барьж явлаа. Харин тугч хийнэ гэдэг хамгийн эрхэм дээд хүндэтгэл болохоор бүгд түүнийг уухайлан мэндчилж байлаа.
Яагаад гэвэл тугийн гөхөл дээр жинхэнэ насанд хүрсэн мирашийн арьс хамаг л цахилгаан, хармаа, товч, бууны хуйгаа нарны гэрэлд хөгжилтэй нь аргагүй тодоор гялалзуулан санжигнаж байсан юм.
***
Стивен Кинг
Амьд үлдэхийг хүссэн хүн
Өвчтөн хэр хүчтэй гэмтлийн шокийг даах боломжтой вэ? Энэ бол анагаахын оюутан болгоны өмнө эрт оройгүй заавал тулгардаг асуулт юм. Энэ асуултанд багш болгон янз бүрээр хариулдаг ч гол төлөв “Өвчтөн тэсч гарахыг хэр их хүсч байна вэ?” гэсэн өөр нэг асуултаар хариулдаг.
1-р сарын 26
Далайн давалгаа намайг энэ эрэг дээр гаргаж хаяснаас хойш хоёр өдөр өнгөрлөө. Өнөө өглөө би арлыг бүхэлд нь тойрч үзсэн. Арал ч гэж дээ… Хамгийн өргөн газраа зуун ерэн алхам, нэг үзүүрээсээ нөгөө үзүүр хүртлээ хоёр зуун жаран долоон алхам урт.
Надад харагдсанаар бол энд идчихэж болох зүйл огт алга.
Намайг Ричард Пайн гэвэг. Харин энэ бол миний өдрийн тэмдэглэл. Намайг эндээс оллоо /хэзээг нь бүү мэд/ гэж бодоход тэмдэглэлээ хялбархан устгачихаж чадна. Чүдэнзнээс их юм алга. Чүдэнз бас героиноос их юм алга. Юу л байна энэ хоёр л байна. Аль алиных нь төлөө амиа золиослон байж энд ирэх хэрэггүй байж дээ, ха ха. За ингээд ямар ч байсан би тэмдэглэл хөтлөх болно. Их бага ямар нэг хэмжээгээр цаг нөгцөөхөд тус болох байх.
Нэгэнт л бүгдийг, бүгдийг гэснээс яагаад болохгүй гэж гэж? Надад юу л байна цаг зав байгаа болохоор бүгдийг бичихээр шийдсэн болохоор би бол Нью-Йоркийн Бяцхан Италид төрсөн Ричард Пинцетти байна гэдгээс эхлэх хэрэгтэй. Эцэг маань Европоос ирсэн. Би мэс засалч болохыг хүсдэг байлаа. Харин эцэг болохоор намайг шоолж, солиотой амьтан гэж дуудчихаад ахиад нэг стакан дарс аваад ир гэдэг байлаа. Тэрээр дөчин зургаатай байхдаа хорт хавдраар нас барсан юм. Би ч ингэсэнд нь баярлсан шүү.
Сургуульд байхдаа америк хөл бөмбөг тоглодог байлаа. Би чинь сургуулийнхаа түүхэнд гарч байсан хамгийн шилдэг хөл бөмбөгчин байлаа шүү дээ. Хамгаалагч. Сүүлийн хоёр жилд нь хотын шигшээд тоглосон. Би уг нь хөл бөмбөгийг үзэн яддаг байсан. Гэхдээ чи итали гаралтай, дээр нь коллежд сурахыг хүсч байгаа бол цорын ганц боломж нь спорт байдаг хойно яая гэхэв. Тэгээд л би тоглож, спортын боловсрол олж авч байлаа.
Коллежд үе тэнгийхэн минь академик боловсрол авч байхад би хөл бөмбөг тоглож байлаа. Ирээдүйн эмч шүү. Төгсөхөөс зургаан долоо хоногийн өмнө эцэг маань нас барсан юм. Ёстой сайхан байсан шүү. Тайзан дээр дипломоо авахаар гарчихаад тэр муу бүдүүн гахайг сууж байгааг харахыг хүсдэг байсан гэж та нар арай бодоогүй биз дээ? Таны бодлоор загасанд борооны цув хэрэгтэй юу? Би оюутны нэгэн байгууллагад элсэж орлоо. Пинцетти чиг гэх шиг овогтой над мэтийн хүнийг элсүүлж байсан болохоор тийм ч сайн байгууллага биш нь ойлгомжтой ч оргүйгээс юу гэдэг билээ дээ…
Би яагаад энэ бүгдийг бичээд байгаа юм бол? Миний амьдралд болж өнгөрсөн бүхэн бараг л зугаатай гэмээр юм даа. Үгүй ээ, биш. Үнэхээр, жинхэнэ зугаатай. Аугаа их эмч Пайн гуай унтлагын хувцасны өмд, богино ханцуйтай цамц өмсөчихсөн арал дээр, алгын чинээ умгар, эзгүй арал дээр суучихаад өөрийнхөө түүхийг бичиж байна. Өлсөж байна шүү. Гэхдээ, энэ хамаагүй ээ. Нэгэнт л хүссэн болохоор балай түүхээ бичих л болно. Идэх юмны тухай бодлоос сатаарахад тус болж л таараа.
Би эмнэлгийн коллежд орохоосоо өмнө овгоо Пайн болгоод өөрчилчихсэн юм. Тэгсэн чинь зүрхийг нь зүссэн юм хийлээ ч гэх шиг эх гуай үглээд л байсан. Ямар зүрхнийхэ тухай ярьж байсан юм бол доо? Өвгөнийг хадан гэр рүүгээс явсны маргааш нь шахуу л гудамжны адагт байдаг хүнсний дэлгүүрийн эзэн еврей эрийг хоргоогоод гүйж байсан юм даг. Овгоо дээдэлдэг дээдэлдэг гэхэд Штейбургер болгон солих гэж эх гуай арай л дэндүү яарчихсан юм.
Миний цорын ганц мөрөөдөл бол мэс засал байлаа. Сургуульд байхаасаа л мөрөөддөг байсан. Тийм болохоор тэр үеэс л би тоглолтын өмнө үргэлж бээлийн өмсөж, дууссаных нь дараа гараа дэвтээдэг байсан юм. Үүнээс болж зарим хөвгүүд намайг дэгдээхэйний сангас гэж дооглоно. Тэглээ гээд би тэдэнтэй хэзээ ч зодолдож байгаагүй. Хөл бөмбөг тоглоно гэдэг тэртээ тэргүй асар их эрсдэл. Гэхдээ надад өөр бас бус арга байлаа. Хоу Плоцки гэдэг батга царайлсан, том биетэй, мангар юм намайг хамгийн их өддөг байлаа. Би бага зэрэг мөнгөтэй. Ганц хоёр хүн таньдаг, тав гурван үг сольдог байсан. Гудамжинд ингэлгүйгээр хол явахгүй шүү.
Яавал үхэхээ захын тэнэг л мэднэ. Тэгэхээр яаж амьд гарав вэ гэдэгт л асуудлын гол нь байдаг юм. Ойлгож байгаа биз дээ. Тэгээд яахав манай сургуулийн хамгийн том биетэй залуу Рикки Браццитай уулзаад Хоу Плоцкийн амыг нь таглаад өг гээд мөнгө төлсөн, арван доллар. Дээр нь цөм цохиод авчирч өгсөн шүд болгоныг нь тус бүр нэг доллараар худалдаж авна гэж хэлсэн юм. Рикки надад цаасанд боочихсон гурван шүд авчирсан даа. Хоуг эд бад хийж байхдаа Рикки хоёр ч хурууныхаа ясыг гэмтээсэн байсан болохоор энэ ажил миний гар хуруунд ямар их аюултай байсан нь ойлгомжтой болж байгаа байх.
Анагаахын коллежид гоожуурууд хувцасны тамтаг өмсчихөөд кафенд зөөгч хийж, гудамжинд зангиа зарж, шал угаангаа завсар зайгаар нь хичээлээ цээжлэх гэж үйлээ үзэж байхад би тун ч дажгүй амьдардаг байлаа. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээний бооцоо, мөрийтэй тоглоом. Хуучин найз нартайгаа харьцаагаа таслаагүй байсан хэрэг. Тийм ч болохоор коллежид муугүй байсан.
Гэхдээ л дадлагад гарснаараа ёстой нэг жаргасан даа. Нью-Йоркийн хамгийн том эмнэлгүүдийн нэгэнд ажилладаг байсан юм. Анхандаа бол зөвхөн эмийн хоосон жор дээр ажилладаг байлаа. Найз нарынхаа нэгэнд нь зуун ширхэг хоосон жор зарна, тэр надаас аваад дөч тавин эмчийн гарын үсгийг дуурайлгаж зурна. Дуурайлгаж зурах эхийг нь бас л надаас худалдаж авна. Тэгээд дараа нь гарын үсэгтэй жороо гудамжинд нэг бүрийг нь арав, хорин доллараар зардаг. Тийм жор худалдаж авах гэсэн малууд захаас авахуулаад л мундахгүй.
Тун удалгүй эм, бэлдмэлийн агуулах маш муу хараа хяналттай байдгийг олж мэдлээ. Агуулахад хэр их эм бэлдмэл орж, гарч байдгийг хэн ч сайн мэддэггүй. Хар тамхийг шуудайлах нь шахуу аваад гардаг хүмүүс ч байсан. Би бол тэгдэггүй. Угийн л болгоомжтой хүн. Хэзээ ч гэнэдэж, гарцаагүй байдалд орж байгаагүй хүн дээ би. Хэт тайвширч, азын тэнгэр нүүр буруулах хүртэл л дээ. Гэхдээ зүгээрээ, эргээд сэхэх цаг ирнэ. Үргэлж л сэхэж байсан юм чинь.
Харин одоо ахиад бичиж чадахгүй нь. Гар чилж, харандаа мохчихлоо. Яагаад түгшээд байгаагаа мэдэхгүй юм. Удалгүй намайг эндээс олж авах байх.
1-р сарын 27
Завийг өчигдөр урсгалаар аваад явчихаж. Арлын хойд хэсгээс арван футын зайтай живчихсэн байна. Трос хаанаас олох вэ? Тэнгисийн цохио мөргөчихсөн болохоор завьны ёроол нь швейцар бяслаг шиг бөөн цоорхотой болчихсон байгаа. Дээр нь байсан хэрэгтэй гэсэн болгоноо би авчихсан байсан юм. Дөрвөн галлон цэвэр ус. Оёдлын иж бүрдэл. Эмийн сан. Уг нь бол хөлгийн бүртгэл хөтлөх ёстой байсан дэвтрийг авсан нь одоо ингээд миний өдрийн тэмдэглэл болчихоод байж байна. Хачирхалтай юм гэж бас байх юм даа. Дотроо хүний урманд ганц грамм ч хүнсгүй аврах завь гэж бас байдаг гэнэ ээ. Энэ хөлгийн бүртгэлийн дэвтр дээр 1970 оны 8-р сарын 8-нд хамгийн сүүлд тэмдэглэл хийжээ. Аан, тийм бас нэг мохой, нэг маш иртэй хутга, эвхэгддэг халбаг сэрээ. Өнөө орой хоол идэхэд хэрэг болно доо. Хоол нь шарсан хад. Ха ха. За за, ямар ч байсан харандаагаа үзүүрлэчихлээ.
Шувууны сангасанд дарагдсан энэ хадан дээрээс мултрахаараа хамгийн эхэнд тээврийн компанитай учраа ололцож шүүхэд өгнө дөө. Үгүй ядаж зөвхөн үүний төлөө л амь явсан ч болохоор шүү дээ. Харин би бол амьд явна гэж бодож байгаа. Эндээс мултарна гэж бодож байгаа. Тэгэхээр намайг хялбархаан буугаад өгчихөнө гэж бүү горьд. Эндээс мултарна даа.
/хэсэг хугацааны дараа/
Завин дээрээс авсан юмныхаа жагсаалтыг гаргаж байхдаа нью-йоркийн гудамжны үнээр гурван зуун тавин мянган орчим долларын үнэтэй хоёр килограмм дээд зэргийн героиныхаа тухай бичихээ мартчихаж. Харин энд бол сохор зоосны ч үнэ хүрэхгүй. Инээдтэй байгаа биз. Ха ха.
1-р сарын 28
Ямар ч л байсан хооллочихлоо. Хоол ч гэж дээ. Арлын төв хэсгийн нэг хадан дээр цахлай суучихсан юм. Тэр хэсгийн хад, асга нь замбараагүй овоороод, сангасанд битүү хучигдсан нуруурхуу юм үүсгэдэг. Би тэндэс гарт эвтэй чулуу олж байгаад зоригоо хүрэх газар цахлайнд гэтэж очлоо. Цахлай хадан дээр суучихаад гялалзсан хар нүдээрээ намай ширтэж байсан. Миний гэдэсний хуржигнан дуугарах чимээнээс үргээд нисчихээгүй нь сонин.
Чулуугаа чадал мэдэн шидсэн чинь бөөрөнд нь оночиховоо. Цахлай чанга орилоод нисэх гэж оролдсон ч би баруун далавчийг нь хугалчихсан. Тэгээд тэр надаас зугатаад, би араас нь хөөж эхэлсэн. Цус нь цав цагаан өдийг нь даган урсаж байгаа би харж байсан шүү. Чөтгөрийн шувуу чинь миний үйлийг нэлээд үзсэн. Төв хадны нөгөө талд нь гарч яваад хөлөө хоёр чулуун завсар хавчуулаад золтой л шагайгаа хугалчихаагүй.
Тэгэж тэгэж цахлайг цуцахаар нь арлын зүүн хэсэгт гүйцээд авсан. Усанд хүрч, хөвөх гэдэг байна шүү. Сүүлнээс нь бариад авсан чинь эргэж хараад намайг тоншоод авсан. Тэгэхээр нь нэг гараараа хөлнөөс нь, нөгөө гараараа хүзүүнээс нь барьж байгаад мушгичихсан. Хугарч байгаа хүзүүний чимээ надад тун их таашаал хүртээсэн дээ. Эрхэм ээ, хоол бэлэн боллоо. Ха ха.
Олзоо «отог» -тоо аваачсан. Гэхдээ цахлайны өдийг зулгааж, гэдэс дотрыг нь цэвэрлэхэсээ өмнө тоншуулсан шархаа йодолсон. Надад одоо халдвар авах л дутаад байж гэнэ. Шувууны хошуу үй түмэн нянтай шүү дээ.
Барих нь ч яахав барьчихсан. Гэтэл харамсалтай нь болгож чадаагүй. Давалгаанаар эрэг дээр шидэгдсэн нэг ч мөчир, нэг ч банз байдаггүйн дээр ганц завь байсан нь живчихсэн. Тэгэхээр түүхийгээр нь идэхээс өөр арга байсангүй. Ходоод гэдэс маань шувууны махыг нэн даруй буцааж гаргахыг хүслээ. Би ходоод гэдсээ ойлгож байсан ч зөвшөөрч чадахгүй байлаа. Тэгээд дотор муухайрахыг нь болих хүртэл уруу тоолж эхэлсэн. Ингэхээр зүгээр болчихоод байдаг юм.
Новш чинь миний шагайг хугалаахаа шахаад, бас гарыг минь тоншчихсон шүү. Хэрэв маргааш ахиад нэгийг барих юм бол нэлээд зовоох юм шүү. Энэ удаад ч яахав хурдан үхэх боломж олгочихлоо. Одоо ч гэсэн юм бичиж байхдаа эндээс доошоо харахад л элсэн дээр хэвтэх шувууны тасархай толгойг харж болж байна. Хар нүдэнд нь үхлийн манан татчихаад байхад л намайг даапаалаад байх шиг санагдаад байх юм.
Цахлайнд ер нь тархи гэж байдаг болов уу?
Байдаг бол идэж бодлог болов уу?
1-р сарын 29
Өнөөдөр ходоодны мухарт шидчих юм байдаггүй ээ. Нэг цахлай надаас холгүй хадны ирмэг дээр суусан ч намайг «чанх урдаас нь оновчтой дамжуулалт» өгч амжихаас өмнө нисээд явчихсан, ха ха. Сахал ургаад эхэллээ. Аймаар загатнаж байна. Хэрэв цахлай эргээд ирвэл барьж байгаад алахаасаа өмнө нүдийг нь ухаж авна даа.
Ний нуугүй хэлэхд би маш сайн мэс засалч байсан юм шүү. Муусан юмнууд л мэргэжлээрээ ажиллахыг минь хорьчихсон болохоос. Гэхдээ нээрээ, бүгд л үүнийг хийдэг байж нэг нь баригдмагц л гэв гэнэт ариун амьтад болчихдог, инээд хүрмээр шүү. Намайг ч ёстой нэг баллаж өгсөн дөө.
Дадлагын эмчийн дүрд тоглож байхдаа есөн шидийн адал явдалд орооцолдсоор залхаад сүүлдээ Парк Авенюд өөрийн гэсэн эмнэлэг нээсэн дээ. Надтай «мэргэжил нэгтэй» зарим юмнуудын адилаар баян аав, өндөр ивээн тэтгэчийн ачаар бус бүгдийг өөрийн гараар, өөрийн зүтгэлээр нээсэн юм шүү. Эмч хийх эрхгүй болох үед аав гуай ядуусын оршуулгын газар нойрсоод есөн жил болж байлаа. Эх гуай намайг лицензээ хураалгахаас жилийн өмнө өөд болчихсон.
Тун ч эвгүй байдалд орсон доо. Би Ист-сайдын долоо найман эмийн санч, хоёр том эм нийлүүлэгчээс гадна багаар бодож хориод бусад эмч нартай хамтран ажиллададаг байлаа.Би тэдэн рүү өөрийнхөө үйлчлүүлэгчдийг, тэд над руу өөрсдийнхийгөө явуулна. Хагалгаа хийчихээд өвчин намдаахад шаардлагатай бүх эмийн жорыг нь бичээд өгчихнө. Хагалгаа болгон заавал шаардлагатай байгаагүй ч, өвчтөний зөвшөөрөлгүйгээр нэг ч хагалгаа хийгээгүй юм шүү.
Бас миний бичсэн эмийн жорыг хараад «Надад ийм эм хэрэггүй» гэж хэлсэн нэг ч өвчтөн байгаагүй юм. Жишээлэхэд, 1970 онд хэдэн өвчтөндөө бамбай булчирхайн хагалгаа хийлээ гэж бодоход, тэд намайг зөвлөвөл өвчин намдаагч эмийг ахиад тав, эсвэл арван жилийн турш уудаг байсан юм. Заримдаа би үнэхээр тэг гэж зөвлөдөг байлаа. Тэгээд ч ингэдэг эмч нь би ганцаараа биш нь мэдээж. Цаашилбал, бага зэргийн мэс ажилбарын дараа өвчтөн нойрондоо муу болжээ гэж бодъё. Эсвэл тураах эм уусныхаа дараа хэт цочимтгой болж гэе. Тэгвэл энэ бүхнийг аргалах шиг амар юм байхгүй. Нэг хоёрын гурваа, гүйцээ. Хэрэв би тэдэнд хэрэгтэй юмыг нь өгөхгүй юм бол өөр эмчээс л очоод авчихна шүү дээ.
Тэгэж байтал татварын албаныхан дарамтлаад эхэлсэн, Лоуэнталийг. Муу ухныг дээ. Тэгээд таван жил хорьно гээд айлгаадахсан нь нөгөөх нь амиа авч үлдэх гээд арваад нэр хэлээд өгчихгүй юу. Тэд намайг нэг их удаан мөрдөж мөшгөөгүй ч бариад авах үед нь би таваас илүү жилээр сууж магадгүй болчихсон байсан. Гарын үсэгтэй жорын хоосон маягт зарахаас эхлээд хэд хэдэн хэрэг байсан. Тэр хоосон жорын маягтыг бодохоор инээд хүрээд байдаг юм. Тийм жижиг наймаа хийх ямар ч шаардлага байгаагүй мөртлөө сурсан зангаараа л зараад байсан байгаа юм даа. Сул мөнгөнөөс татгалзаж чадахгүй л байхгүй юу.
Тэгээд яахав би ганц хоёр хүн мэддэг байлаа. Ийш тийш нь чимээ тавьж байгаад хоёр гурван хүнийг чононуудад хаяж өгсөн дөө. Дан надад таалагддагүй хүмүүсийг. Бүгдээрээ өөдгүй новшнууд байсан юм.
Бурхан минь ямар их өлсөж байн аа.
1-р сарын 30
Өнөөдөр цахлай байдаггүй ээ. Жижиг наймаачид тэргэнцэр дээрээ «Өнөөдөр улаан лооль байхгүй» гээд биччихсэн явдаг шиг юм болж байна даа. Хурц хутгаа аваад цээжээ хүртэл усанд орж зогслоо. Халуун наран доор ийм байдлаар хөдөлгөөнгүй дөрвөн цаг зогсож үзэв. Хоёр ч удаа одоо унах нь уу даа гэж бодож байсан ч эвгүйцэнгүйт нь гайгүй болох хүртэл нь уруугаа тоолоод байсан. Ингэж зогсохдоо нэг ч загас олж харсангүй. Нэгийг ч шүү.
1-р сарын 31
Анхныхтайгаа адил аргаар бас нэг цахлай аллаа. Дэндүү өлсгөлөн байсан болохоор занаж байсан шигээ зовоох тэвчээр байсангүй. Гэдэс дотрыг нь цэвэрлэж байгаад идчихсэн. Дараа нь гэдэс дотроос нь хамаг сангасыг нь шахаж байгаад бас идчихсэн. Эргээд тэнхээ орж байгаагаа мэдрэх сонин байсан шүү. Би бүр бага зэрэг айгаад эхэлчихсэн байсныг хэлэх үү. Арлын төв хэсгийн мундаг том хадны сүүдэрт хэвтэж байхад хүмүүсийн дуу хоолой сонсогдох шиг болсон. Эх, эцэг, хуучин эхнэрийн дуу сонсогдоод. Хамгийн муухай нь Сайгонд надад героин зарсан нөгөө хужаагийн дуу байсан. Юу гэж байгаа нь мэдэгдэхгүй шулагнаад л, магадгүй хэлнийхээ талыг огтлуулчихсан байсан болохоор тэгдэг байсан биз.
«За алив, амсаад үз» гэж хий дуу нь хадаад. «Жаахан амсаад үзчих. Тэгвэл чи өлсөж байгаагаа ч мартана. Сайхан эд шүү…» Би харин энэ мэтийн заваан юм бүү хэл нойрсуулах эм ч ууж байгаагүй юм.
Лоуэнталь амиа хорлсон гэж би хэлж байгаагүй билүү? Муу ухныг дээ. Хуучин ажлынхаа өрөөнд боомилоод үхчихсэн. Тэгснээрээ олон хүнд буян үйлдсэн гэж би боддог.
Би эмчийнхээ лицензийг буцааж авахыг хүссэн юм. Ганц хоёр хүнтэй уулзсан чинь болно, гэхдээ их мөнгө хэрэгтэй гэцгээсэн. Миний төсөөлж байснаас ч их мөнгө юм гэнэ. Миний сейфэнд дөчин мянган доллар байсан л даа. Тэгээд азаа үзэж эргэлдүүлэхээр шийддээ. Эргэлдүүлж байгаад хоёр, эсвэл бүр гурав нугалаад авна гэж.
Ронни Ханеллитэй уулзлаа. Бид хоёр коллежд хөл бөмбөг тоглодог байсан юм.
Цагтаан би дүүд нь туслаж байсан юм. Роннийг хуулийн ангид сурдаг байсан гээд бод доо. Инээд хүрмээр юм. Бид хоёрын хамт өссөн гудамжинд мань хүнийг Зодоонч Ронни гэдэг байлаа. Мань хүн бөмбөг, цохиураар тоглодог бүх тоглоом, бас хоккейг шүүдэг гэж байгаа. Шүүлт нь таалагдахгүй бол дуугүй өнгөрөх, эсвэл ясаа тоолох гэсэн хоёр боломж л чамд бий. Пуэрторикочууд мань хүнийг Гоймон Ронни гэж дуудаг. Үүнд мань хүн дургүй ээ.
Тэгээд ийм хүн сургуульд ороод, дараа нь хуулийн коллежд элсээд өмгөөлөгчийн шалгалтыг оромдож өгчихөөд манай тэнд, яг баарнаас өөдөөс харсан байранд контороо нээчихэж байгаа юм даа. Цагаан «Континенталь» даа суучихсан манай гудамжаар яаж явж байгаа нь нүдэнд харагдах шиг болдог юм. Тэндэхийнхээ хамгийн том буруу гарын бизнесмен.
Роннид надаар хийлгэх ажил байгааг нь би мэдэж байлаа. «Аюултай л ажил даа» гэж мань эр хэлсэн. «Гэхдээ чи хэзээд амиа аваад гарчихаж чадна. Дээр нь эвгүйтвэл чамайг хоёр хүнтэй танилцуулж өгнө өө. Нэг нь төрийн албан хаагч байгаа юм».
Дараа нь надад хоёр нэр хэллээ. Лут том биетэй Генри Ли Цу гэдэг хужаа, Солом Нго гэдэг вьетнам. Нго нь химич. Чамлахааргүй их хөлсөөр хужаагийнх нь нийлүүлсэн барааг нь шалгадаг. Хужаа нь байсхийгээд л элдэв янз болдог болохоор л тэр. Яадаг вэ гэхээр гялгар уутанд нь тальк, угаалтуур угаадаг нунтаг, цардуул хийгээд өгчихдөг байхгүй юу. Ингэж маяглаж байгад нэг өдөр амиа алдана даа гэж Ронни надад хэлж байсан.
2-р сарын 1
Онгоц нисч өнгөрлөө. Яг арал дээгүүр. Би хадан дээр гарч дохио өгөхийг оролдсон юм. Гэтэл хөл чулуун завсар орчихдог байгаа. Анхны шувууг алж байхдаа хөлөө хийчихдэг яг тэр чөтгөрийн завсарт. Тэгээд шагайгаа хугалчихсан. Давхар хугаралт. Яг л буудаж байгаа юм шиг дуу гарсан.
Аймаар өвдсөн. Дуу алдахдаа тэнцвэрээ алдчихав. Тэнцвэрээ олох гэж нисэх нь үү гэлтэй гараа савчуулсан болов ч чадалгүй унаад, унахдаа толгойгоороо хад мөргөөд ухаан алдачихсан. Бүрэнхий болсон хойно л ухаан орлоо. Толгойны шархнаас бага зэрэг л цус гарсан байна лээ. Шагай харин машины дугуй шиг пэмбийж хавдасны дээр хамаг бие наранд аймаар түлэгдчихэж. Нар ахиад ганц цаг илүү туссан бол хамаг бие цэврүүтэх байсан байна шүү гэж.
Догонцсоор ийшээ ирээд бэмбэгнэтэл чичирсэн амьтан өвдөлт, арчаагүй байдалдаа бухимдаж шөнөжин уйлсан. Толгойн, баруун тал, чамархайн хэсэг дээрх шархаа ариутгаад чадлынхаа хэрээр сайн боочихсон. Арьсны өнгөц шарх бас миний бодож байгаагаар тархины бага зэргийн доргилт. Харин шагай… Хоёр, эсвэл бүр гурван ч газраа хугарснаас зайлахгүй.
Одоо яаж цахлайны араас гүйх болж байна аа?
«Каллас»-аас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа эрлийн онгоц заавал байх ёстой доо. Далайн давалгаа намайг онгоц живсэн газраас олон бээрийн хол аваачсан байж болох юм. Тэгвэл тэд ийшээ ирэхгүй ч байж болзошгүй.
Шагай ямар их өвдөж байна аа, бурхан минь гэж.
2-р сарын 2
Би аврах завьны живсэн газраас холгүйхэн, арлын урд хэсгийн эргийн дагуу тэмдэг өрөөд тавьчихлаа. Ингэх гэж хэд хэдэн удаа завсарлаж, сүүдэрт амарч байж бүтэн өдөр зарцууллаа. Амарсан мөртлөө л хоёр удаа ухаан алдсан. Би дийлэнхдээ шингэний дутагдлаас болж багцаагаар хорин фунт орчим жин алдаж. Гэхдээ одоо бол би эндээс, сууж байгаа газраасаа өдрийн турш бичсэн үсэгнүүдээ харж болж байна. Цагаан элсэн дээр хар чулуугаар «Туслаарай» гэж бичсэн. Үсэг бүр нь дөрвөн футын өндөртэй. Дараагийн онгоц намайг заавал анзаарч харна даа.
Гэхдээ дараагийн онгоц нь үүгээр нисвэл шүү дээ.
Хөл байнга өвдөх юм. Бүр ч илүү хавагнаад, хугарсан газар нь сэжиг бүхий толбо гараад ирчихэж. Толбо нь томроод байх шиг байна. Цамцаараа чанга барьж боохоор өвдөлт нь багар зэрэг намдах ч аймаар хүчтэй өвдөж байгаа болохоороо би унтах гэхээсээ илүү ухаан алдалтын байдалтай байх шиг байна.
Тайрах хэрэг гарч магадагүй талаар бодох боллоо.
2-р сарын 3
Шагай бүр ч илүү хавдаад толбоны хэмжээ ч томроод байна. Хагалгаа хийх хэрэгтэй болвол өөрийгөө чадна гэж бодож байгаа. Надад хурц хутгыг ариутгах чүдэнз бий, оёдлын иж бүрдлээс авсан утас зүү бий. Цамцыг боолт болгоод урчихна.
Бас надад хоёр кило өвчин намдаагч, өвчтөнүүддээ бичиж өгдөг байснаас арай өөр хэлбэрийн өвчин намдаагч байна. Гэхдээ миний өвчтөнүүдэд олддог байсан бол тэд ч энэ өвчин намдаагчийг хэрэглэх л байсан. Мөрийцсэн ч бэлэн байна. Тэр муусайн үсээ будсан чавганцууд эргээд сэргэх боломжтой л гэвэл дезодорант ч амьсгалахад бэлэн байгаа. Надад итгээрэй.
2-р сарын 4
Би хөлөө тайрахаар шийдлээ. Дөрвөн өдөр юу ч идсэнгүй. Энэ мэтээр цаг алдаад, өлсгөлөнгөөс болж шоконд ороод байвал хагалгааны үеэр ухаан алдаад цус алдсаар үхэж магадгүй. Харин би ямар ч муухай байсан хамаагүй амьдармаар байна. Анатомын хичээл дээр Мокриж бидэнд юу гэж ярьдаг байсныг би санаж байна. Бид түүнийг Хөгшин Мокки гэж дууддаг байлаа. Эрт оройгүй нэгэн цагт гэж тэр ярьдаг байлаа. – Анагаахын оюутан болгон сургалтынхаа явцад нэг асуулттай заавал тулгардаг. Хүн хэр хүчтэй гэмтлийн шокийг тэсч гарч чадах вэ? гээд анатомын хүснэгт дээрх элэг, бөөр, зүрх, дэлүү, гэдсийг ээлжлэн заангаа, хуруугаа чад хийн дуугаргадаг байсан. -Энэ асуултын хариу нь жентельменүүдээ гэж тэр яриагаа үргэлжлүүлнэ.- хариу нь үргэлж өөр нэгэн асуултанд тулдаг. Тэр нь хүн тэсч гарахыг хэр их хүсч байна вэ вэ? гэсэн асуулт.
Би хагалгааг амжилттай хийж чадна гэж бодож байна.
Үнэхээр тэгэж бодож байгаа. Зайлшгүй тулгарах зүйлийг бага ч гэсэн хойшлуулах гэсэндээ энэ бүхнийг бичиж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ би яаж яваад энд ирсэн тухайгаа гүйцэд яриагүй байгаагаа саналаа. Хагалгаа амжилтгүй болж магадгүй тул гүйцээсэн нь дээр байх. Энэ нэг их цаг авахгүй болохоор дуусахад үед нь хагалгаа хийж болохуйц гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч миний цаг одоо дөнгөж өглөөний ес болж байгааг зааж байна. Ха.
Сайгонд би жуулчны дүрээр нисч ирсэн. Хачин сонсогдож байна уу? Огтхон тийм биш юм шүү. Никсоны өдөөсөн дайныг үл харгалзан энэ орныг үзэх гэж ирдэг мянга мянган хүн байдаг. Хуучин машины сэг, азарган тахианы зодоон мэтийн зүйлийн үзэх гэж ирдэг хүмүүс байж л байдаг биз дээ.
Хужаа найз маань надад бараагаа өглөө. Нөгөөхийг нь Нгод аваачиж үзүүлэхэд, дээд зэргийн чанартай бараа байна гэж мэдэгдэв. Тэгээд дөрвөн сарын өмнө Ли Цу ээлжит удаагаа маягласных нь дараа эхнэр нь «Опель»-ийнхээ түлхүүрийг түлхээд дэлбэрсэн гэж надад хэлэв. Тэр явдлаас хойш элдэв маяг, янз ахиж ахиж гаргаагүй юм байх.
Би Сайгонд би гурван долоо хоног болсон юм. Намайг Сан-Францискод хүргэх ёстой байсан аяллын «Каллас» хөлөг онгоцны тасалбарыг захиалж авсан. Нэгдүгээр өрөө. Бараатайгаа онгоцонд ороход асуудал гарсангүй. Нго нь гаалийн хоёр ажилтанд хахууль өгчихсөн болохоор нөгөө хоёр нь миний ачааг үзсэн төдий дүр үзүүлээд өнгөрсөн. Бараа болохоор тэдний тоож ч хараагүй гялгар уутанд хэвтэж байса юм.
«Америкийн гаалиар гарах нь хавьгүй хэцүү юм болно доо» гэж Нго надад хэлсэн. «Гэхдээ энэ бол та нарын асуудал».
Би барааг америкийн гаалиар авч гарах гээгүй байлаа. Ронни Ханели нь нэгэн маш хүнд ажлыг гурван мянган доллараар гүйцэтгэж өгөх усанд шумбагчийг хөлсөлсөн юм. Би тэр хүнтэй Сан-Францискод «Сент-Режис отель» нэртэй хямдхан буудалд уулзах ёстой байв /миний тооцолсноор энэ уулзалт хоёр өдрийн өмнө болох ёстой байсан/. Төлөвлөгөө ёсоор бол барааг ус нэвтэрдэггүй саванд хийнэ. Тэгээд саванд нь улаан будагтай уутанцар бас цаг бэхлэж өгөх ёстой байв. Хөлөг онгоцыг зогсоолд орохын өмнө савыг ус руу шидэх ёстой байсан юм.
Бэлэн мөнгөнд дуртайн дээр дараа нь илүү юм чалчаад байхааргүй сэргэлэн, эсвэл дүнхүүдүү өрөөний үйлчлэгч, туслах тогоочийг яг хайж байтал «Каллас» живчихсэн.
Яаж, яагаад гэдгийг нь бүү мэд. Давалга өндөр байсан ч онгоц зүгээр л байх шиг санагдаж байсан. Хорин гуравны оройн найман цагийн орчим тавцангийн доор, хаана ч юм бэ бүү мэд дэлбэрэлт болсон юм. Би энэ үед «Каллас»-ын гол тасалгаанд байж байсан бөгөөд онгоц шууд л зүүн тал руугаа хазайгаад эхэлсэн.
Хүмүүс орилолдон ийш тийш гүйлдэж эхэллээ. Бааран дахь лонхнууд тавиур дээрээсээ унан хага үсэрч байлаа. Доод талын тавцангаас нэг эр гуйвж дайвсаар гараад ирсэн. Цамц нь шатаад арьс нь улайчихсан. Аялал эхлэхийн өмнө өгсөн заварчилгааны дагуу өөр өөрийн харъяалагдах аврах завь руу очихыг чанга яриагчаар тушаалаа. Гэвч зорчигчид замбараагүй гүйлдсээр л… Зааварчилгаанд суух талаар бодсон хүн нь тун цөөн байсан юм чинь аргагүй л дээ. Харин би бол зүгээр нэг суугаагүй эртхэн шиг очоод хамгийн эхний эгнээнд суусан юм. Өөрийнхөө амь насанд шууд холбоотой юм болгонд би ямагт маш анхааралтай ханддаг.
Өрөөндөө орж героиноо хоёр хуваан халаасандаа хийсэн. Тэгээд аврах завь №8 –ийг зүглэн явлаа. Шатаар давцан дээр гарч байх зуур ахин хоёр дэлбэрэлт болж, онгоц бүр ч илүү хазайгаад эхэлсэн.
Давцан дээр ч жинхэнэ хөл толгой нь олдохгүй юм болж байлаа. Хүүхэд тэвэрсэн хүүхэн улам бүр хазайх тавцан дээгүүр муухай орилон хурд авсаар миний хажуугаар өнгөрсөн юм. Хүүхэн тэр эрчээрээ гүйсээр бариуланд тээглээд ус руу уначихсан. Агаар дээр хоёр бүтэн эргэчихээд гурав дахиа эргэж байхыг нь харж амжсан ч гүйцэд харж амжаагүй.
Нүүр, гар нь аймшигтай түлэгдсэн, тогоочийн цагаан хувцастай хүн замдаа таарсан юм болгоныг мөргөн «Надад туслаарай. Би юу ч харахгүй байна. Туслаарай. Би юу ч харахгүй» гэж орилоод л…
Үймээн сандраан нь багийн гишүүдээс зорчигчдод яг л халдварт өвчин шиг халдаж, бүгдийг хамарсан даа. Гэхдээ «Каллас» дээр эхний дэлбэрэлт гарснаас бүрэн живэх хүртэл ердөө хорь орчим минут л болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Зарим аврах завийг орилж хашгичсан хүмүүс бүчэн авсан байхад, зарим хов хоосон. Миний суух ёстой 8 тоот завь онгоцны хазайсан талд байсан бөгөөд бараг хүнгүй шахуу байсан юм. Дэргэд нь үхлүүд цонхийсон, цоохор нүүртэй усан цэрэг бид хоёроос өөр хүн байгаагүй.
Усан цэрэг эр нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн «Энэ муу чөтгөрийн тэвшийг усанд буулгая» гэсэн. «Хараал идсэн савангийн хайрцаг чинь яг одоо живэх нь».
Аврах завийг буулгах механизм нь уг нь бол тун хялбар зүйл байсан ч нөгөөх эр тэвдэж, тэнэгтэж байгаад өөрийнхөө талын бүх олсыг орооцолдуулчихдаг байгаа. Завь доошоо зургаан фут орчим нисээд унжчихлаа. Унжих унжихдаа хошуу нь бөгснөөсөө хоёр фут доогуур унжчихсан.
Нөгөө усан цэргийг орилоод ирэхээр нь туслахаар дөхсөн юм. Тэтэл мань эр орооцолдоог өөрөө гаргаж чадсан ч гараа араанд хавчуулчихсан. Олс хэсэг зуур утаа савсуулж, арьсыг нь хуу татан алган дээгүүр нь гулгаад яах ийхийн зуургүй ус руу татагдаад орчихсон доо.
Би ч олсон шат буулгаж байгаад үтэр түргэн завиндаа суугаад унжлага олсноос нь салгаж авсан. Тэгээд сэлүүрдэж эхэлсэн дээ. Цагийн сайханд найзуудынхаа зусланд очихдоо зугаагаа гаргах гэж сэлүүрддэг байсан бол одоо амиа аврахын тулд сэлүүрдэж байлаа. «Каллас»-ын живэх газраас аль болох холдохгүй л юм бол эргүүлгэ нь намайг чирээд орно гэдгийг би сайн ойлгож байсан юм.
Онгоц ч таван минутын дараа усан дор далдарлаа. Харин би эргүүлэг үүсэх бүсээс нь хангалттай гарч амжагүй байсан юм. Тэгээд ядаж ухралгүй нэг газраа тогтох гэж хамаг хүчээ шавхан сэлүүрдэхээс өөр аргагүй болсон. «Каллас» ч яах хийхэн зуургүй живсэн дээ. Онгоцны хошуун дээрх бариулаас барьсан хэдэн хүмүүс муухай орилолдоод л байсан. Яг л сүрэг сармагчин шиг.
Далайн давалгаа улам хүчээ авсан. Би нэг сэлүүрээ алдсан ч нөгөөхтэйгээ үлдсэн байлаа. Тэр шөнө яг л зүүд зэрэглээ шиг манараад өнгөрсөн дөө. Завиар дүүрэх усыг хутгаж байгаад сэлүүрээ авч галзуурсан мэт сэлүүрдээд, дараа нь ахиад л давалгаанд цохиулан усаар дүүрээд ирэхээр нь хутгаад…
Тэгэж байтал хорин дөрвөний өглөө, нар мандах үеэр давалгаа завийг түрж эхэлсэн. Завь ч урагшаа улаан галзуу хурдлаад. Энэ аймшигтай байсан ч бас давхар сэтгэл гижигдээд сайхан байсан. Гэнэт завины мод тачигнаад хугарч эхэлсэн ч живж амжаагүй байхад нь давалгаанаар энэ бөөн хадан дээр шидэгдэн амьд гарсан юм. Би хаана байгаагаа ч мэдэхгүй байна. Ямар ч баримжаа алга. Би ч баримжаалахдаа тааруу л даа. Ха ха.
Гэхдээ би хийх ёстойгоо мэдэж байна. Энэ бол сүүлчийн боломж ч гэлээ бүх юм бараг болчих байх гэж бодож байна. Өмнө нь би үргэлж мултардаг л байсан юм чинь. Орчин үеийн хиймэл хөл гэдэг чинь гайхамшигтай юм болсон гээд биз дээ? Тэгэхээр би өрөөсөн хөлтэйгээ ч сайхан амьдраад байж чадна.
Өөрийгөө төсөөлж явсан шигээ тийм мундаг хүн үү үгүй юу гэдгийг шалгах цаг ирлээ. Амжилт хүсье, залуу минь.
хад өвдөлт нь бүх биеэр минь давалгаална. Би тэр шувууг хэзээ л нэг нисээд явчих бол доо гэж хүлээж байсан.
Гэвч шувуухай нисдэггүй ээ. Цээжээ түхийлгэж байгаад жагсаалын үзлэг хийж байгаа нисэхийн генерал шиг л наашаа цаашаа чухал байдалтай алхалж гарсан. Үе үе жижигхэн, сэжиг хүрмээр нүдээрээ над руу харах болгонд нь хөдөлгөөнгүй хөшиж байгаад дахин алхалж эхлэх хүртэл нь уруу тоолоод байсан. Далавчаа дэвэх тоолонд нь зүрх зогсчих шиг болно. Миний шүлс зогсолтгүй асгарч байлаа. Яагаад ч нэмэргүй. Яг л жаахан хүүхэд шиг.
Хэр удаан гэтсэн юм бол бүү мэд.
Магадгүй цаг, хоёр цаг болсон байх. Ойртох тусам зүрх хүчтэй цохилж, цахлай улам амттай харагдаад. Тэгсээр сүүлдээ энэ цахлай намайг даапаалж, чулуу шидэх зайнд дөхөнгүүт л нисээд явчих гэж байгаа юм шиг санагдаад. Хөл гар салаглаад эхэлсэн. Ам хув хуурай. Мухар маань аймшигтай өвдөхийг яана. Хар тамхины шарталт эхэлчихсэн юм биш байгаа гэсэн сэгжиг төрлөө. Ийм хурдан уу? Долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаанд л героин татсан шүү дээ би.
За энэ ч хамаагүй ээ. Надад хэрэгтэй юм чинь. Цаана нь зөндөө байгаа. Хэрэв дараа нь, Америкт очсон хойно эмчилгээ хийх хэрэг гарвал Калифорний хамгийн сайн эмнэлгийг сонгож авна даа, дуртайяа сонгож авна. Тэгэхээр одоо бол энэ асуудал биш. Тийм биз?
Чулуу шидэх зайнд мөлхөж хүрсэн ч шидсэнгүй. Онохгүй чинь баталгаатай юм байна гэсэн бодол гэнэт намайг зовоогоод эхэллээ. Бүр ч ойртох хэрэгтэй. Тэгээд яахав би чулуугаа атган, толгойгоо гэдийлгэж байгаад үргэлжүүлэн мөлхлөө. Миний үйлээ үзсэн биенээс хөлс гол мөрөн шиг л цутгалж байна. Чамд би хэлээгүй билүү, миний шүд өгөрөөд эхэлсэн гэж? Мухар сүсэгтэй байсан бол ч идсэн юмнаас л болж байна гэж бодох байсан байх даа. Идсэн юм нь болохоор…
Би зогтуслаа. Одоо бол өмнөх цахлайнуудад ч ойртож байгаагүйгээр ойртчихож. Тэгсэн атлаа л шидэх зориг хүрдэггүй. Хуруугаа цайтал нь чулуугаа атгасан мөртлөө л шидэж чадсангүй. Яагаад вэ гэвэл алдах л юм бол юу намайг хүлээж байгааг сайн мэдэж байсан юм.
Барааг дуусгасан ч хамаа алга. Би муусайн юмнуудаас бултаж чадна аа. Үлдсэн амьдралыхаа туршид ёстой сайхан, аз жаргалтай амьдарна. Уртаас урт үлдсэн амьдралынхаа туршид.
Тэр мууг хаднаас нисээгүй бол чулуугаа барин мөлхсөөр бүр тулж очих байсан байх гэж бодож байна. Сэм мөлхөж очоод хоолойг нь боож алах байсан. Гэвч далавчаа ганцхан дэвээд л нисчихсэн. Би мухай орилон өвдгөн дээрээ өндийж байгаад хамаг чадлаараа чулуугаа шийдчихсэн. Тэгээд … тэгээд оночихсон.
Шувуу хачин битүү дуу гаргаад хадны нөгөө тал руу унаад өгөв. Амандаа юм үглэн, инээд алдангаа мухраараа чулуу цохиж байгаа ч мэдрэхээ байгаад хадны орой дээр гарч, нөгөө тал руу нь бууж эхэллээ. Тэнцвэрээ алдаад толгойгоороо чулуу цохичихсон. Мундаг том овоосон ч гэлээ тухай үедээ л бол би анзаараагүй. Би шувууг оночихсон, одоо шувууг авах хэрэгтэй гэхээс өөр зүйлийг анзаарах, мэдрэх сөхөөгүй байлаа. Гайхамшигтай амжилт. Яг далавчинд нь.
Цахлай хугарсан далавчаа чирэн эрэг рүү сажилж байлаа. Гэдэс нь тэр чигтээ цус болчихож. Би араас нь мөлхөж чадах дээд хурдаа мөлхөж байсан ч шувуу надаас хурдан явж байлаа. Тахир дутуучуудын уралдаан. Ха ха. Бидний хоорондын зай богиноссоор бариад авчихвал авчих л байсан, миний хоёр гар хэрэггүй байсан бол. Миний гар надад ахиад хэрэг болно оо. Гараа гэмтээхгүйг зөндөө хичээсэн ч гэлээ далайг эрэг хүрэх үед миний алга цул шарх болчихсон. Дээр нь би цагаа халны ирмэгэнд цохиод хагалчихсан.
Цахлай муухай орилсоор усанд пүл хийн ороход нь би барьж авах гээд зүтгэлээ. Гэвч миний гарт сүүлнийнх нь хэсэг өд л үлдсэн. Дараа нь би унаад ус залгилж, золтой л живчихээгүй.
Гэвч би дахиад мөлхсөн. Бүр араас нь сэлэх гэж үзсэн. Мухрын маань боолт мултраад уначихсан. Живж эхэлсэн дээ. Ядарч туйлдаснаасаа болж чичирч салагалан, өвдөлтөөсөө болж галзуурахаа шахсан амьтан чөтгөрийн муу шувууг хараан зүхэж, уйлж, орилсоор эрэг дээр арай гэж гарч ирсэн. Муу шувуу харин эргээс бага багаар холдсоор усны мандал дээр удаан гэгч нь санжигнан хөвсөн. Харж тэвчилгүй, нэг мэдэхнээ эргээд ирээч гэж гуйгаад байсан уу яасан, сайн санахгүй байна. Гэхдээ тэнгисийн гүний хаданд тулж очих үед миний бодлоор цахлай үхчихсэн байсан байх.
Ямар шударга биш юм бэ.
Дараа нь отго дээрээ хүрэх гэж бараг бүтэн цаг болсон. Тэгээд героиноосоо ахиухан татсан ч гэлээ муу цахлайд уур хүрсээр л байсан. Тэртээ тэргүй баригдахгүй л байсан юм бол намайг тэгэж өдөх хэрэг юу байна аа? Яагаад эхнээсээ шууд нисээд явчихаагүй юм бэ?
2-р сарын 9
Би зүүн хөлөө тайраад мухрыг нь өмдөөрөө боочихлоо. Хагалгааны явцад шүлс тасралтгүй гоожсон. Гоожуулаад л байсан. Яг тэгэхэд, цахлайг хараад гоожуулж байсан шигээ. Яагаад ч зогсоох боломжгүй гоожуулсан. Тэгсэн атлаа би орой хүртэл хүлээж тэвчсэн шүү. Зуугаас тэг хүртэл уруугаар нь хорь, гучин ч удаа тоолчихов уу яав. Ха ха.
Тэгэж тоолохдоо…
Би байнга л хүйтэн шарсан мах, хүйтэн шарсан мах гэж амандаа үглээд л байсан, үглээд л байсан.
гөх.
Өдрийн хагасыг героинд мансуурч өнгөрүүлж байна. Үлдсэн хагаст нь мухар хөлнийхээ өвдөлт, загатнааг мэдэрдэг. Ядаж байхад чийгнээс болоод өвдөлт, загантаа нь улам нэмэгдэх юм.
Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Тангараглаж байна. Яасан ч бууж өгөхгүй. Энэ бүхэн ямар ч хэрэггүй байна гэж байх ёсгүй.
2-р сарын 11 /?/
Сүүлийн хоёр өдөр бороо орлоо. Хүчтэй салхитай. Дотор нь мөлхөөд орчихож болох нүх гаргах гэж төв хадны ойролцоох хэдэн том чулууг зайчилж дөнгөлөө. Нэг жижигхэн аалза олсон. Зугатаж амжихаас нь өмнө чимхэж барьж аваад… тэгээд идчихсэн. Ямар гоё амттай юм бэ. Шинэ мах. Дээр байгаа чулуунууд толгой дээрээс нураад ороод ирж магадгүй юм байна гэж бодлоо. Нурвал нурж л байг.
Шуурга дуустал нүхэндээ бүглээ. Магадгүй бороо хоёр биш гурван өдөр орсон байж болох юм. Эсвэл бүр ганцхан өдөр. Гэхдээ бороо дуустал хоёр удаа шөнө болсон шиг санагдаад байна. «Тас үсрэх» дуртай болчихоод байгаа, би. Өвдөлт ч тэр, загтнаа ч тэр мэдрэхгүй сайхан юм. Амьд гарна гэдгээ би мэдэж байн аа. Ийм их зовлонг хүн ямар ч хэрэггүй туулж гарна гэж юу байхав.
Хүүхэд байхдаа нэг сүмд очдог байлаа. Тэнд нь там, бузар нүглийн тухай цэцэрхэх дуртай нэг атигар лам мөргөл уншдаг байсан. Там, бузар нүглийн талаарх цэцэрхэх дуртайг нь яана гээ. Мань хүний бодлоор бол бузар нүглийг яаж ч цайруулах боломжгүй юм гэнэ. Тэгсэн чинь өчигдөр шөнө мань хүнийг зүүдэлдэг байгаа. Хар өмсгөл, живэр сахалтай Хэйли ламтан. Хуруугаа ёрдойлгож ирээд л «Чи ямар ичдэггүй юм бэ, Риччард Пинцетти гуай…. бузар нүгэл… чи хараагдсан шүү хүү минь… үеийн үед» гэх юм.
Би шоолоод инээчихсэн. Энэ там биш юм бол өөр юуг там гэх юм бэ? Тэгээд ч байж болох цорын ганц бузар нүгэл бол бууж өгөх.
Өдрийн хагасыг героинд мансуурч өнгөрүүлж байна. Үлдсэн хагаст нь мухар хөлнийхээ өвдөлт, загатнааг мэдэрдэг. Ядаж байхад чийгнээс болоод өвдөлт, загантаа нь улам нэмэгдэх юм.
Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Тангараглаж байна. Яасан ч бууж өгөхгүй. Энэ бүхэн ямар ч хэрэггүй байна гэж байх ёсгүй.
2-р сарын 12
Ахиад л нар гарлаа. Сайхан өдөр. Найз гэгддэг хэдэн юмнуудыг хөлдөж үхэх гээд сууж байгаа байх гэж найдаж байна.
Энэ арал дээр аз гээч юм байдаг бол өнөөдөр миний хувьд тун азтай байлаа. Тэнгэр муудсан үед халуураад байсан нь намдчих шиг боллоо. Нүхнээсээ мөлхөн гарч ирж байхдаа сульдаж, салаганасан амьтан байсан бол халуун элсэн дээр хоёр, гурван цаг хэвтэснийхээ дараа бараг л эргээд хүн болчих шиг боллоо.
Мөлхсөөр арлын урд хэсэгт очиж, шуурганаар эрэг дээр шидэгдсэн мод олсны дотор миний аврах завьны хэдэн банз байлаа. Банзнуудын зарим нь замганд хучигдчихсан байсан. Тэгэхээр нь хусч аваад идчихлээ. Амт гэж хэрэг алга. Нейлонон хөшиг идэж байгаа юм шиг л. Гэхдээ л энэ өдөр хамаагүй сайхан байна.
Олсон модоо хатаахын тулд эргээс аль болох хол чирж авчирлаа. Нордоггүй чүдэнзтэй сав надад одоо хүртэл байгаа шүү дээ. Намайг хайж байгаа бол дохионы түүдэг асаана. Үгүй бол дээр нь хоол хийж идэж болно. Харин одоо бол унтлаа, би.
2-р сарын 13
Хавчтай таарсан. Алаад бяцхан түүдэг асааж байгаад шараад идчихлээ. Энэ орой би бурханд бараг л итгэсэн шүү.
2/14
Тусламж хүссэн миний үсэгний дийлэнхийг нь давалгаа арилгачихсан байгааг өнөө өглөө л анзаарлаа. Шуурга чинь гурав хоногийн өмнө дууссан биз дээ? Энэ бүх өдрүүдэд би тэгтлээ манарчихсан байсан юм байхдаа? Байдлыг анхааралдаа авч, тунгаа багасгах хэрэгтэй юм байна. Тасарчихсан байх хооронд хөлөг онгоц хажуугаар өнгөрөөд явчихвал яана?
Би үсэгнүүдээ ахиад шинээр өрчихлөө. Ингэх гэж бүтэн өдөр зарцуулсан болохоор их ядарч байна. Өмнөх хавч баригдсан газраас хавч хайж үзсэн ч юу ч олсонгүй. Үсэг өрж байхдаа чулуунд гараа эсгэчихсэн болохоор ядарч байсан ч шархаа тэр даруй йодлож ариутгалаа. Би гараа арчлах хэрэгтэй. Яаж ч байсан гараа арчилна шүү.
2/15
Цахлай хадны орой дээр суулаа. Чулуу шидэх зайнд мөлхөж хүрэхээс өмнө нисээд явчихсан. Муу шувууг бодолдоо тамруу илгээлээ. Тэнд очоод үеийн үед Хэйли ламтаны нүдийг нь ухаж байг.
Ха ха.
Ха ха
Ха.
2/17 (?)
Баруун хөлөө өвдөгнөөс нь доогуур огтлож авлаа. Гэхдээ цус их алдчихлаа.
Героин татаж байгаа ч өвдөлт нь нэмэгдээд байна. Надаас өөр хүн байсан бол ч гэмтлийн шокоос болоод аль хэдийн үхчихсэн байгаа даа. «Өвчтөн тэсч гарахыг хэр их хүсч байна вэ?» гэсэн асуултанд «Өвчтөн амьдрахыг хэр их хүсч байна вэ?» гэсэн асуултаар хариулахыг минь зөвшөөрнө биз дээ.
Гар салагалаад байна. Хоёр гар минь л болохгүй бол би өнгөрлөө л гэсэн үг. Намайг тэгэж хөөдөх эрх энэ хоёр гаранд байхгүй. Байх ч ёсгvй. Би энэ хоёрыг бүх насаараа л хамгаалж байсан. Арчилж байсан. Тэгэхээр намайг хөөдөх гэж оролдохгүй байсан нь дээр. Үгүй бол харамсана даа.
Одоохондоо ч яахав би өлсөөгүй байна. Завьнаас үлдсэн банзнуудын нэг нь дундуураа цуурчихаж. Нэг үзүүр нь хурц үзүүртэй. Би дээр нь шорлож байгаад … хоолоо… Шүлс аймаар гоожиж байсан ч тэвчээр заагаад хүлээсэн. Тэгээд дараа нь нөгөө юу… махны тухай. Торон дээр том хэрчмээр нь шардаг байсан махны тухай бодож эхэлсэн. Уилл Хаммерсмитэд дээр нь бүтэн гахай шарж болох том тортой эдлэн газар Лонг Айлендэд байсан юм. Бид нар дүүрэн стаканаа дvvргэж барьчихаад саравчинд нь суунга мэс засал, гольф, эсвэл өөр зүйлсийн талаар ярилцдаг байсансан. Шарсан гахайны сайхан үнэр салхинд хөөгдөн хамар цоргиод л… Шарсан гахайн махны сайхан үнэр шүү, чөтгөр аваасай билээ.
2/- (?)
Нөгөө хөлөө өвдөг хүртэл нь тайрчихлаа. Өдөржин нойр хүрээд. «Эмч ээ, энэ хагалгааг заавал хийх ёстой байсан юм уу?» Ха ха. Гар хөгшин хүнийх шиг л салаглах юм. Үзэн ядаж байна энэ хоёр гарыг. Хумсан дороо цустай. Новшнуудыг дээ. Доторх нь нэвт харагддаг ходоодтой үзүүлэн эмнэлгийн коллежд байсныг санаж байна уу? Би яг л тийм болчихлоо. Харагдаад байх зvйл алга. Нэг тиймэрхүү л. Миний хам Дом л голдуу ингэж ярьдаг байсныг санаж байна. Клубынхээ гонжоомыг өмсөчихсөн гудамжны булангаас эхлээд л бүжиглэсэн шиг ойртоод ирдэгсэн. Тэгээд за яасан Дом хамаа, хүүхэнтэйгээ хэр байв даа? гэж асууцгаана.
Тэгэхээр Дом «Нэг тиймэрхүү» гэж хариулна. Дом хамаа гэж. Хуучин найз нарынхаа дунд, өөрийнхөө гудманд үлддэг байж дээ.
Гэхдээ би зөв эмчилгээ, сайн протезтэй бол дөнгөж төрсөн юм шиг л болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Ийшээ эргэж ирээд «Энд шүү дээ. Энд болсон юм» гэсэн шиг хүмүүст яриад байж байна даа.
Хахаха
23-2(?)
Үхсэн загас оллоо. Өмхий, илжирчихсэн. Тэгсэн ч гэлээ идчихсэн. Бөөлжмөөр байсан ч тэсээд гарсан. Би тэсч гарнаа. Эндэхийн үдэш мөн ч сайхан шүү.
2-р сар
Хийж зүрхлэхгүй байгаа ч заавал хийх ёстой. Гэхдээ гуяны артерийн цусыг яаж тогтоодог билээ. Энэ түвшинд артери гэдэг чинь тоннель шиг л том байдаг шүү дээ.
Хийх ёстой. Ямар ч аргаар хамаагүй. Зүсэлт хийх шугамыг гуян дээрээ гаргачихлаа. Энэ хэсгээрээ бас ч гэж гайгүй махтай байна. Шугамыг яг энэ харандаагаараа гаргасан юм шүү.
Шүлс асгарахаа больдоггүй юм байх даа.
2-
Би… өнөөдөр… түр амсхийх…. бүрэн эрхтэй шүү…. тун удахгүй…. босоод гарч… «Макдональдс» орно доо… давтсан мах хоёр… сүмс… салат… давсалсан өргөст хэмх… сонгино… талхтай…
Ня ня ня няяаааа ня ня
2
Өнөөдөр усанд өөрийнхөө тусгалыг харлаа. Арьсаар бүрсэн гавлын яс. Ингэхэд би ер нь солиорсон болов уу яасан бол? Сонин юм. Тийм л байх аа даа. Би эрэмдэг мангас болж хувирчээ. Жинхэнэ эрэмдэг мангас. Хавч. Тас үсэрсэн хавч. Нээрээ, цаадуул чинь өөрсдийгөө ингэж нэрлэдэг болчихсон байсан уу үгүй юу? Хөөе, залуу хөөрхий хавчинд ганц цент хайрлаач.
Хахахахаха
Хэн юу иднэ яг тийм болдог гэцгээдэг. Yнэхээр тийм л юм бол би ОГТХОН Ч ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ. Бурхан минь гэмтлийн шок гэмтлийн шок. ГЭМТЛИЙН ШОК ГЭДЭГ ЮМ ОГТ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА.
ХА
2/40?
Зүүдэндээ эцгийгээ үзлээ. Согтохоороо англиар ганц үг ч хэлж чадахаа байчихдаг юм. Хэлээд байх үг ч байхгүй байсан юм чинь дээ. Хөлдүү мал. Хөлдүү мал минь ээ, чиний гэрээс явахдаа мөн их баярлаж билээ би, аав гуай. Явна гэдгээ би мэдэж байсан юм. Тийм ч болохоор чамаас яваа биз дээ, айн? Гар дээрээ гарч явсан.
Гэвч хоёр гаранд минь өөр огтлох зүйл үлдсэнгүй дээ. Өчигдөр хоёр чихээ огтолчихсон.
Баруун гараар хийсэн нүглийг зүүн гар угаадаг болохоор баруун гарын чинь юу хийж байгааг зүүн гарч чинь мэдэхгүй байж байг нэг хоёр гурав нэгэн зэрэг алхаад
хахахаха
Энэ гар байна уу, тэр гар байна уу ер нь ямар хамаа байна аа. мах бол хамгийн сайхнаас сайхан хоол шүү. Бурхан минь баярлалаа чамдаан. Чи минь бидэндээ үргэлж сайхан ханддаг шүү
хурууны амт, амт нь гэвэл үнэндэ бол яахав дээ л юм.